ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит компаниудад олон улсын аудит оруулахын ач холбогдол нь нөхцөл байдлаа бодитой тодорхойлох хэмээж буй.
Тухайн компанийг татан буулгах уу, өөрчлөх үү, өөрөөр зохион байгуулах уу эсвэл хөрөнгө мөнгө босгох шаардлагатай юу гэдэг дээр хөндлөнгийн аудит хийдэг. Алдагдалтай ажиллаж байгаа компаниуд олон улсын аудит хийлгэх зардал нь ч байдаггүй, аргацааж явж байгаа. Төрийн өмчит компаниуд охин компаниудтайгаа нийлээд 122 хүрчихээд байна. Үүнээс 22 нь алдагдалтай ажиллаж байна. Аудит оруулая гэхээр л тал бүрт сандарцгаах юм.
Олон улсын аудитын ах дүү, амраг садан, найз нөхөд, танил тал байхгүй учир тэд бодитоор үнэлнэ. Тэгсэн цагт бид төрийн өмчийн компанийг ашигтай ажиллуулах, шаардлагатай бол татан буулгах асуудлыг ярихаас биш дотооддоо болж байна гээд суух цаашдаа бололцоогүй болж байна шүү дээ. Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хууль батлагдсаны дараа компаниудын бүх мэдээлэл ил болно.
Дараа нь гурван жилд санхүүгийн алдагдлаа бууруулаагүй байх юм бол хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа Засгийн газар татан буулгах, өөрчлөн зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнийг хийхийн тулд баримжаагаар биш асуудалд бодитойгоор хандахын тулд олон улсын аудит оруулья гэсэн. Гэвч энэ заалтыг авч хаях гээд байгаагийн цаад шалтгааныг төдийлөн ойлгохгүй байна.