Б.Чойжилсүрэн:Он дуустал эрчим хүчний хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр нийслэлд хийсэн цахилгааны хязгаарлалтын учрыг тайлбарлалаа.

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн 2023 онтой харьцуулахад 120-180 мвт өсөлттэй байна. Ийм учраас өчигдөр хязгаарлалтууд хийсэн гэв.

Түүний хэлснээр, 2024 он дуустал цахилгаан эрчим хүчний дутагдалд орох нь тодорхой ажээ.  Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мвт эхний блокыг  сүлжээнд холбосон туршилтууд явж байна. Ирэх оны 1 дүгээр сарын 1 гэхэд туршилтууд дуусаж бүрэн чадлаараа ажиллана гэж тооцоолж байна. Эрчим хүч олон жил өртгөөсөө доогуур борлуулагдсанаас болж алдагдалтай ажилласан  учраас хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилго бол хүндэрсэн салбаруудаа өөд нь татах. Тиймээс хамтын Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдсан.

Эрдэнэбүрэнгийн  цахилгаан станцын зээлийн гэрээ хэлэлцээр зурагдсан. Энэ өвөл бэлтгэл ажлаа хийгээд ирэх жилээс ажил нь эхлээд тогтворжих байх. 2028 оны 7, 8-р  сард ашиглалтад оруулна гэсэн төсөөлөлтэй байна. Эгийн голын усан цахилгаан станцын тухайд ОХУ-ын Засгийн газар, Монголын Засгийн газар, мөн Байгаль орчны яамд  хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ төсөл Байгаль нуурт хэр сөрөг нөлөө үзүүлэх талаар манай  эрдэмтдийн хамтарсан дүгнэлт гаргая гээд ажил эхэлсэн явж байгаа.

Өнгөрсөн сараас эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь ойртуулах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Эрчим хүчний салбар олон жил татаастай явж алдагдалд орсон байгаа учраас шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Төрийн өмчит компаниудын хувьцааг тодорхой хэмжээнд олон нийтэд санал болгоно. Сүүлийн 2  жил бэлтгэл ажлыг хийж байна. 2025 он гэхэд хүний нөөц, менежмент гэх зүйлүүдийг сайжруулаад хувийн салбарынхан хөрөнгө оруулж, итгэл хүлээлгэх, хувьцааны нэг хэсэгт хувийн салбарыхныг оруулж ирэх бэлтгэл хийхгүй бол хөрөнгө оруулагчид энэ салбарыг сонирхохгүй байна.

Үндэсний хорооны төсөв олон нийтийн дунд нэлээн шүүмжлэл дагууллаа. Төсвийн байнгын хороо төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийгээд тодорхой хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар 150 мвт гурван цахилгаан станц төвийн бүсэд холбоотой нэг ч үйлдвэрлэл байхгүй. 90 мвт хүчин чадалтай 6 нарны станц 11-12 цагийн хооронд төвийн бүсэд цахилгаан эрчим хүч нийлүүлж чадсангүй. Нар, салхи хангалтгүй байгаа учраас хүчин чадлын дутагдалд орж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 12-р  сарын 15-наас өмнө төвийн сүлжээнд холбоно гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч гал гарч урьдчилан тооцоолоогүй асуудал үүсэж 15 хоног хойшилсон.  Тиймээс 2024 оны төгсгөл хүртэл тодорхой хэмжээнд хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Аль болох хязгаарлалт хийхгүйн төлөө эрчим хүчний салбар ажиллаж байна гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn