Ахын эсрэг дүү нарын хийх утаатай тэмцэл

Агаарын бохирдол, утаа утгаа алдсан. Утаатай тэмцье хэмээн орилох бүр гудамжинд гарч жагсаж, цуглахыг ч уриалах хүмүүс цөөнгүй байна. Төр засгаас утааны эсрэг юу хийгээд байгаа нь тодорхой бус. Өмнө нь энэ утаатай тэмцээд У.Хүрэлсүх энэ шахмал түлш гээчийг дэмжин хоёр ч үйлдвэр байгуулж, шахмал түлшээр нийслэлийг хангадаг болсон.

Түүнээс өмнө ч утаатайгаа тэмцсээр л ирсэн. Тэгэхдээ тэр утаатай хийх тэмцэл бүхэн хэн нэгний мөнгө угаах хэрэгсэл болж ирсэн нь үнэн.

Утаагүй зуух нэрээр гэр хорооллын айл өрх бүрд “хямд” зуух шахаж гурван үсэгтэй компани нэг хэсэг цулайсан.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед утаагаа дийлэхээ болиод хамгийн их утаа гаргаж уугиж шатдаг Багануурын нүүрсийг хамгийн хямдаар гэр хорооллуудад шахаж байж билээ.

Н.Алтанхуягийн ойр хавийнхан үүнээс болж, мөнгө идэж ашигласан гэгдэн нүүрс шуудайлуулсан Л.Гансүх тэргүүтэн, “Цэвэр агаар” сангийн Н.Хүрэлсүхийн тэргүүлсэн нөхдүүд ял шийтгэл авч түүнийг нь “хонгил”-дсон хэмээн тэрбээр зарга заальхай хийж явсан түүх 10 гаран жилийн тэртээх явдал.

Түүнээс хойш утааг өөртөө ашигтайгаар эргүүлэх дараагийн хүн нь У.Хүрэлсүх байлаа. Түүний Засгийн газрын үед шахмал түлшний үйлдвэр байгуулж, нөгөөх гурван үсэгт MCS компаний охин Тавантолгой дахь “Энержи ресурс” ХК гол түүхий эдийг нь нийлүүлж эхэлсэн. Тус компаний нүүрсний хаягдлыг үнэгүй авахаар болж, хот руу тээвэрлэн авчирч юугаар ч юм барьцалдуулаад шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлсэн хэрэг.

Гэвч энэхүү “утаатай хийсэн тэмцэл” бас л дутуу дулимаг болсныг та бид жил бүр л улигласаар энэ хүрлээ. Утаа буурсан уу, үгүй л байхгүй юу. Харин ч шахмал түлш гэгчийг хийхдээ ашигласан барьцалдуулагч хэмээх хорт бодисоос болж өвчин зовлон улам нэмэгдэж. Энэ тухай эдүгээ эмч нар төдийгүй жирийн хүмүүс ч ихээр ярих боллоо.

Утаатай хийсэн энэхүү тэмцлүүдэд эхэндээ хэдэн тэрбум улмаар 20-50 тэрбумын хөрөнгө зарцуулж байгаа тухай яригддаг байснаа одоо бүр хэдэн их наядыг зарцуулсан гэж тайлагнах боллоо төр засаг. Гэвч утаа арилсангүй улам л хоруу чанартай болсоор.

Энэ сацуу утаатайгаа тэмцээч, боож үхлээ хэмээн гарч ирэн жагсаж цуглаад хэсэг хугацааны дараа бөөн мөнгөтэй болоод алга болох утаатай тэмцэгчид ч төрж ирсэн юм. Өнөөдөр ч тэр тэмцэгчдийн залгамж хойчис нь гарч ирчихээд бас л их тэмцэл ярьж явна.

Үүнийг одоогийн төр засаг, нийслэл хотын эрх баригчдын гар хөл мөн тухай ч сошиалаар бичицгээсээр байна. Нээрээ ч энэ утаа шахмал түлшинд дарагдаагүй гэдгийг Хотын дарга нар, Засгийн удирдлага хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс нөхдүүд нэг зүйл сэтгэсэн нь тэмцэгчид хэмээх нөхдүүд. Тэр тэмцэгчдийнхээр бол Засгийн газар, хотын дарга нар утаатайгаа тэмц, үр дүнг нь хоёр жилийн дараа тооцож, утаатай байвал огцруулах юм гэнэ.

Өмнөх тэмцлийн үеэр НИТХ-ын дарга нэг залуу нийслэл утаагүй болсон тухай ярьж, түүнийг нь сурталчлаад бужигнуулж байсан цаг бий. Энэ удаа бол утаагаар далимдуулаад төр, засгийн эрхэнд байгаа ах дүү нарын тэмцэл гудамжинд гарч ирж байгаа хэрэг энэ.

Монгол улсын одоогийн Ерөнхийлөгч шахмал түлш түлүүлээд утааг арилгана гэсэн. Түүний улстөрд бойжуулан гаргаж ирсэн Ерөнхий сайд, түүний хамгийн ойр хүн болох Нийслэлийн Засаг дарга нар шахмал түлш утааг бууруулж чадахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлчихсэн.

Улстөрийн талдаа Ерөнхийлөгчөөр нахичих санаархал, нөгөөдөх нь түүний далбаан дороос гарчих гэсэн санаа ийнхүү утаан дээр очиж мөргөлдөж байгаа нь энэ. Ерөнхийлөгчийн санаачилсан шахмал түлш утаагүй болгоогүй тул одоо өөр аргаар үзнэ, ядаж хоёр жил өгчих гэж яваа нь ичмээр. Хоёр жилийн дараа юу хэлж хуйхаа маажихын чааваас.

Энэ хооронд бас нийслэлээс нэг бүр нь 800 гаруй мянган төгрөгийн зуухыг 30 мянган өрхөд тараах тухай яригдаж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn