Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас хийж байна
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр (2024.12.10) 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагдлаа. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна.
Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье.
Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөж байна.
Эх сурвалж: УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК