Оюутолгойн гэрээний зэс цухуйсаар л

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр төрийн өмчит үйлдвэр нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хэд дахин өндөр АМНАТ төлж байгаа асуудал хөндөгдлөө.

Энэ асуудлыг хөндсөн УИХ-ын гишүүн Д.Батлут “Оюутолгой”  компани 2010-2022 он хүртэл АМНАТ төлөхдөө 372 сая ам.доллар төлсөн. Нийт 12 жилийн хугацаанд.  Тогтворжуулалтын гэрээтэй.  Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр зөвхөн энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар 615.2 тэрбум төгрөг буюу 180 сая ам.доллар төлсөн.  20 хувиар тооцож АМНАТ төлдөг.  Монгол Улс нэгдсэн хуультай. Хуулийн хэрэгжилт төрийн өмчит компани дээр өөр, гадаадын хөрөнгө оруулалттай компани дээр яагаад өөр яваад байгаа юм бэ. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр төрийн өмчит компани сөхөрлөө ш дээ. Тэнд ажиллаж байгаа албан хаагчдын цалин уул уурхайн компаниудын ижил түвшинд очиж, техник технологийн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Энэн дээр аудитын байгууллага яагаад дүгнэлт гаргахгүй байна вэ. Шалгаж үзсэн зүйл байдаг юм уу. АМНАТ нь ижил тэгш бус байгаагаас “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагсдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна” гэсэн асуултыг тавьсан.

Харин Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Г. Наранчимэг “Манай төрийн аудитын байгууллага төрийн байгуулладаг аудит хийдэг. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид аудит хийдэггүй” гэж хариулсан.

Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюутолгой” компанийн 34 хувь төрийн өмчийн оролцоотой учраас аудит хийчихсэн юм билээ. Аудитын дүгнэлтээ нууцаар ирүүлсэн тул та бүхэнд нууцаар танилцах боломжийг бүрдүүлж өгье” хэмээж байв.

Нээрээ энэ чинь юу билээ. Монгол улсын саалийн ганц үнээ гэгдэж ирсэн Эрдэнэт үйлдвэр одоо ч саалийн үнээ хэвээр л байгаа. Ковидын цар тахлын үеэр Эрдэнэт үйлдвэр л та бидний тог, цахилгааны мөнгийг хуу төлж билээ. Уг үйлдвэрийг ч, тэнд ажиллагсдаа ч бодох цаг болсон биш үү.

Үнэхээр сонирхолтой асуулт, хариулт. Оюутолгойн гэрээг анх байгуулахаас эхлээд Монгол улсад ашиггүй, үр өгөөжгүй гэрээ хэмээх яриа өнөөг хүртэл үргэлжилж байгаа билээ. Үнэхээр Оюутолгой Үндсэн хуулийн дагуу бусад баялагийн адил Монголын ард түмний мэдлийнх боловч “Рио Тинто” ашиглаж эхэлснээс хойш ийн хүнийх болчихоод байгаа. Манай төр ч байнга буулт хийсээр ирсэн.

Оюутолгойгоос гарч байгаа баялагийг зарсан мөнгийг Монгол банкаар дамжуулахыг УИХ дээр унагаж байлаа. Монгол ажилчид гадаад ажилчдаас 6-10 дахин бага цалин хөлс авдаг тухай байнга яригддаг. Энэ мэтээр Оюутолгойн хуудуутай гэрээний зэс цухуйсаар л байна.

Гэтэл уг гэрээг анх байгуулсан нөхдүүд гэрээ байгуулснаараа бахархаад л, гадаадад /офшорт/ асар их мөнгөтэй тухай шуугиан дуулиан дэгдсээр л ирлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn