Монголыг дэлхийд тамгалсан Б.Норовсамбуу

Циркийн урлагийн хамгийн хүнд төрөл болох уран нугаралтыг монгол үндэсний хэв маягаар, өвөрмөц арга, хэлбэрээр баяжуулан, хөгжүүлж,дэлхийн уран нугаралтын шилдэг жүжигчний нэгд эрэмбэлэгдсэн Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Бэгзсүрэнгийн Норовсамбууг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдэгээр шагнасан юм. 

Ингээд түүний тухай хөрөг нийтлэлийг толилуулж байна.

Бусдын л адил инээж, шуугиж, нийлж дарвиж, хайрлаж, дурлаж,  шаналж, шатаж,болзоонд зогсохыг хүсэвч түүнд тийм цаг зав, тэгэх эрх ч байсангүй. Уран нугаралтад өөрийн биеийг “тушааж”, залуу халуун насаа зориулах ам өчгөө өгсөн Бэгзсүрэнгийн Норовсамбуу Монголын циркийн урлагийг дэлхийд таниулахад их үүрэг гүйцэтгэсэн гавьяатан билээ. Үнэхээр тэрбээр  амласандаа хүрч, хувийн амьдралаа хоёрдугаарт тавьсан.  1984 онд Латин Америк руу удаан хугацаагаар тоглолтоор явахад  аав нь “Гараасаа хөтлөх үртэй болоорой” гэж захисныг санан санан биелүүлж, 40 нас гараад ганц хүүтэй болсон юм. 1959 оноос хойш тасралтгүй 60 жилийн турш  циркийн урлагийн төлөө хийж, бүтээж, туурвиж, эх орныхоо нэрийг мандуулж яваа Б.Норовсамбуу 1966 онд 18 насандаа Гавьяат жүжигчин, 23-тайдаа Төрийн шагнал, 36 насандаа Ардын жүжигчин болов. Ийм залуу насандаа алдар хүндийн оргилд хүрсэн уран бүтээлч  Монголд түүнээс өөр байхгүй.

Хоёрдугаар ангид байхдаа анх хөлийн өлмийгөө толгойдоо хүргэж “нугарч, хугарч” эхэлсэн Норовсамбуу охин цирк хэмээх их урлагийн далайд сэлэхээр 1958 онд төрсөн нутаг Завхан аймгийн Сантмаргац сумаасаа ээжийнхээ хамт гарч, нийслэлийг зорьжээ. Тэрбээр мөрөөдлөө биелүүлж, уран нугараач болоод зогссонгүй спорт, урлаг хосолмол төрөл болсон энэ салбарт шинэ өнгө төрх нэмсэн онцгой гавьяатай.

Б.Норовсамбуу толгой дээрээ аяга тавин нугараад, өрөөсөн гар дээрээ зогсох зэрэг үндсэн 21 трюк, 10 холбоосоос бүрдсэн сонгодог үзүүлбэр бэлтгэснээс гадна хүч, тэнцвэрийн дасгалтай хавсарсан, хамгийн их чадвар шаарддаг эквилибр каучук хэмээх нугаралтын үзүүлбэрийг Монголдоо анх хийсэн юм. Тиймээс циркийн урлагийн хамгийн хүнд, ярвигтай төрөл болох уран нугаралтыг үндэсний хэв маягтай, өвөрмөц арга, хэлбэрээр баяжуулан, хөгжүүлсэн хэмээн Б.Норовсамбуу, түүний багш Т.Цэнд-Аюуш болон Д.Мажигсүрэн нарт 1971 онд Төрийн шагнал хүртээжээ.

Зарим нэгний хувьд ээжийнхээ өврөөс гараагүй шахам   байдаг 23 насандаа төрийн дээд шагнал хүртэж, түүний хариуцлагыг ухамсарлан дэндүү эрт том хүн болсон талаараа тэрбээр “Шагнал бол том хариуцлага, их үүрэг, даалгавар учраас би тэр бүгдийг дааж явахыг их хичээж, биеэ цэгнэж, манлайлдаг байсан. Дунд сургууль төгсөх жилээ би БНАСАУ руу тоглолтоор яваад иртэл физикийн багш 5-ын дэвтэр дүүрэн бодлого бодохгүй бол улсын шалгалтад оруулахгүй гэсэн. Тэр хэлсэн дагуу нь  хийгээд л шалгуулж байлаа. Тэр үед би зэргээр цалинждаг байсан болохоор сард 750 төгрөг авдаг байсан юм. Өндөр цалинтай, гадаадад явдаг жүжигчин гээд би хичээлээ орхигдуулж, биеэ тоож байсангүй” гэж дурссан юм.

1960-1980-аад онд дэлхийн уран нугаралтын шилдэг жүжигчдийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Б.Норовсамбуу 45 улсын 100-гаад хотод Монголын уран нугаралтын гайхамшгийг сурталчилж, Африк тивд эх орноо сурталчилсан анхны монгол уран бүтээлч болсон билээ.

Тэрбээр 1966 онд нийслэлийн V дунд сургуулийг алтан медальтай төгсөөд, МУИС-д шалтгалтгүйгээр шууд элсэж, оангли хэлний багш, орчуулагчийн мэргэжлээр төвөн жил сураад, магистрын зэрэгтэй төгссөн байна. Хүүхдүүд их, дээд сургуульд элсэх шалгалтаа өгч байхад Норовсамбуу Францад болсон Дэлхийн ажилчин залуучуудын их наадамд оролцож байв.

Тэрбээр Африк явсан талаараа “1980 онд Африкийн орнуудад зохион байгуулсан олон улсын эстрадын тоглолтод оролцуулах уран бүтээлчийнхээ хоол, байр, замын зардлыг тухайн улс нь даах журамтай байсан учраас англи хэл мэддэг ганц хүн явуулахаас өөр аргагүй болсон юм билээ. Тиймээс уран нугаралтын үзүүлбэр нь тайзны урлагт багтана гээд, англи хэлтэй учраас хэлмэрчгүйгээр улсаа төлөөлж чадна, нөгөө талаар  мөнгөтэй ажиллах хариуцлагатай гэж намайг сонгожээ. “Энэ бол улсын,  Ю.Цэдэнбал даргын даалгавар” гэж захиж явуулахдаа замын зардал, хоол хүнс, ахуйн хэрэглээнд зарцуулах их хэмжээний дойч марк, рубль, унгар форинт зэрэг валютыг бэлнээр өгсөн. Улсын нэрийн өмнөөс өөртөө орчуулагч, санхүүч, ачаа зөөгч, нугараач болж явахдаа МУИС-ийн багш нартаа маш их талархаж байлаа.

Их сургуулийн гадаад хэлний ангид улс орнуудын түүх, соёлоос эхлээд дипломат ёс жаягийн талаар их зүйл заасан нь надад тэгэхэд тус болсон. Тэр их мөнгө авч явсан хэрнээ би ариун цэврийн хэрэглээгээ хүртэл хэмнээд, 50 хувийг нь буцааж авчраад, улсад тушаасан. Хэмнэх өөр нэг шалтгаан байсан. Тоглолт хийсэн орнууд хэдийгээр гадаадынхны зардлыг гаргахгүй гэж байсан ч Монголын үзүүлбэр онцгой байсан гээд  миний хоол, байрны мөнгийг даачихсан юм. Бид эх орондоо эцэг, эхээрээ овоглодог ч хилийн дээс алхаад л эх орноороо овоглодог учраас нэр хүндээ бодож, ухамсарлах хэрэгтэй” гэж хуучилсан нь “Өнөөдөр” сонины хуудсанд үлджээ.

1980-аад оны дунд үеэс циркийн сургуульд багшилж олон залуу уран нугараачийг сурган хүүмүүжүүлж буй түүний гарт “элдүүлсэн” 30 гаруй шавь бий. Тэд багшийнхаа эрдмийг, дэг  жаяг, сургалтыг түгээсэн хэдэн зуун шавьтай гэхээр Б.Норовсамбуугийн сургалт өнөөдөр Монголд төдийгүй хилийн чанадад тархсан байна. Үүний наад захын ганц жишээ бол дэлхийн циркчдийн мөрөөдөл болсон, өндөр босготой Канадын алдарт “Нарны цирк”-т уран бүтээл туурвиж буй монгол нугараач охид, бүсгүйчүүд юм. Тус циркт уригдан, 2004-2009 онд таван жилийн гэрээтэй ажиллахдаа Б.Норовсамбуу гуай монгол уран бүтээлчдэдээ замчилсан. Тэрбээр болон шавь нар нь олон улсын циркийн зэрэглэл өндөртэй наадмуудаас удаа дараа шагнал хүртсэн, хүртсээр ч байна.

Монголд уран нугаралтын хөгжил шинэ залуу байх үеүдэд манлайлж байсан шигээ 1990, 2000-гаад он гэхэд ч том эргэлт, шинэчлэлт хийсэн хүн бол Б.Норовсамбуу билээ. Үүнийг нь батлах үзүүлбэр бол түүний найруулсан “Могойн уран нугаралт”. Эл үзүүлбэрийг шавь нар нь амилуулан, дэлхийн тавцанд үзүүлж, хэд хэдэн шагнал хүртсэн бөгөөд олон улсын шүүгчид “Монголын уран нугаралтад Норовсамбуу шинэчлэл хийжээ” гэж дүгнэсэн байдаг юм.

Үүнээс гадна  олон улсын нугараачдын уралдаан, арга хэмжээг үнэлж, дүгнэх шүүгчдийн багт ажилласан Монголын анхны нугараач гэдгээрээ тэрбээр онцгой. Куба улсын Гавана хотод болсон олон улсын уралдааныг шүүх эрхийг түүнд олгосон нь чадвар, чансааных нь үнэлгээ мөн. Энэ хүн уран нугарахдаа гаргууд шигээ удирдаж, зохион байгуулах ажилд чамгүй туршлагатай бөгөөд олон жил Монголын циркийн Уран сайхны удирдагчийн албанд томилогдон, ажилласан. Мөн тус байгууллагын Намын үүрийн нарийн бичгийн дарга  явлаа. 1959 онд циркийн дагалдан жүжигчин болж байсан Б.Норовсамбуу 1970-аад оны дундуур Улаанбаатар хотын депутатаар сонгогдон, нийслэлчүүдийн дуу хоолой болж байсан нь бас л сайхан түүх.

Монголын циркийн найруулагч байсан, өдгөө “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт нарын санаачилга, зүтгэлээр 2016 онд манай үе үеийн 350 нугараач Улаанбаатарын төв талбайд “Уул, усны домог” тоглолт зохион байгуулсан нь дэлхийн хэмжээнд цор ганцад тооцогдох том арга хэмжээ болсныг дурдах учиртай. Эл арга хэмжээнд Б.Норовсамбуу найруулагчаар ажилласан юм.

Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргасан 70 гаруй жилийн түүхтэй монгол циркийг нугаралтгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дундаа 60 жилийн түүхийг нь тасралтгүй бичилцэж, энэ гайхамшгийг дэлхийд таниулахад том үүрэг гүйцэтгэсэн хүн бол Б.Норовсамбуу. Түүний 2011 онд эмхэтгэн, хэвлүүлсэн “Монголын уран нугаралт” нэртэй, англи, монгол хэлээрх  номонд гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлсэн зарим мэдээнээс эш татан, цухас дурдъя.

“Современная Монголия”,1964 оны №03:

-“Норовсамбуу акробатын хүнд үзүүлбэрийг гайхмаар энгийн хэрнээ ер бусын уян хийж байлаа. Түүний хурдан шаламгай, маш тодорхой хөдөлгөөнийг зүрх даран харна. Түүний онцлог нь зөвхөн өө сэвгүй техник биш, хэн бүхэнд байхгүй төрөлхийн агуу авьяас, өндөр чадвар юм.

“Вечерная Москва”, 1973 оны №259

-Өөрийн амжилтаар гайхуулсан Монголын жүжигчин Б.Норовсамбуугийн уран нугаралт дэлхийн шилдэг үзүүлбэрийн тооонд зүй ёсоор орно.

“Аргентина” сэтгүүл, 1981 он.

-Буэнос Айресын “Луна парк”-т болсон Найрамдлын циркийн төгөлдөр тоглолтыг үзсэн хэн боловч хэзээ ч мартахгүй. Монголоос ирсэн хос нугаралтын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг харахад үегүй мэт байлаа.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn