Улсын зарим эмнэлэг төлбөртэй үйлчилнэ гэж мэдэгджээ

Сүүлийн хэд хоног улсын эмнэлэгүүд тусламж, үйлчилгээгээ төлбөртэй болгосон тухай сошиалд мэдээлсээр ирсэн. Гэвч УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ асуудлыг няцааж  “Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн. Улсын томоохон эмнэлгүүдэд гэрээний хэтрэлт бий. Гэхдээ нэн шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй” гэж мэдэгдэж байв.

Тэрбээр мөн “Бүх эмнэлэг ЭМД-ын сантай байдаг ч тухайн жилийн төсөвтөө багтаан эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлдэг. Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гуравдугаар эмнэлэг, УНТЭ, Монгол-Японы эмнэлгүүдийн ЭМДЕГ-тай хийсэн гэрээ дууссан. Гэсэн хэдий ч бид санхүүжилтыг нь хэвийн олгож байгаа” гэж сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн боловч зарим улсын эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ төлбөртэй болгож байгаагаа мэдэгджээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мөн өчигдөр улсын эмнэлэгүүд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээг хэвийн үзүүлж байна гэж мэдээлсэн.

Гэтэл албаныхны мэдэгдэл, бодит байдалтай зөрж байгаа тухай иргэд мэдээлсээр байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нээс эхлэн амбулаторийн цогц тусламж үйлчилгээ, рентген, ургийн ЭХО-оос бусад ЭХО, шүдний эмчилгээ, өдрийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжүүлэхгүй болсон тул тусламж үйлчилгээгээ төлбөртэй болгосноо мэдэгджээ.

Мөн Монгол-Японы хамтарсан эмнэлэг төлбөртэй үйлчилгээний тухай мэдэгдэл гаргаж байсан бол нийслэлийн БЗД-ийн Эрүүл мэндийн төв ч ийнхүү төлбөртэй үйлчлэх мэдэгдэл гаргасан байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn