Хөлбөмбөгийн ДАШТ энэ шөнө өндөрлөлөө. Шигшээ тоглолтод тив, тивийнхээ аварга болсон Аргентин, Испани улсуудын шигшээ багууд тоглолоо.
Бүтэн 120 минутын хүнд хэцүүхэн тоглолтод Испаний шигшээ баг 2022 оны дэлхийн аварга Аргентиныг 1:0 харьцаатай хожлоо.
Испаний шигшээ баг ДАШТ эхэлсэн цагаас ганц ч хожигдоогүй, тэр бүү хэл өөрийн хаалганд ганц л бөмбөг алдсан юм. 39 настай Мессигээр ахлуулсан Аргентины хувьд 32-оос хойших бүх тоглолтод хожигдож эхлээд сүүлийн 15 минутад хоёроос гурван гоол оруулж хожсоор финалд ирсэн.
Хоёр багийн тухайд хөлбөмбөгийн эрэмбээр дэлхийд нэг, хоёрт байгаа. Тиймээс ч тэдний тоглолтыг гоол багатай болно хэмээн мэргэжилтнүүд шинжиж ирсэн. Үнэхээр ч хоёр баг 90 минутын турш хэн нь ч гоол хийж чадаагүй учраас нэмэлт 30 минутын тоглолт гарсан.
Эцсийн бүлэгт Аргентины гол найруулагчдын нэг Энцо Фернандес ойрхон хоёр шар хуудасны алдаа хийж 90+3 минутад улаан карт өргүүлэн гарсан. Тэгсэн ч Аргентины баг Испанид тэгтлээ илүүрхүүлээгүй. Хэн хэнийхээ алдааг отсон уг тоглолт сэтгэлзүйн том тулаан болсныг олон сая фанатууд гэрчлэх байх.
Нэмэлт цагийн 106 дахь минутад Ферран Торресын хүчтэй цохисон бөмбөг Аргентины хаалганд орсон. “Гоолгүй довтлогч” хэмээн байнга хэл аманд орсон Торресыг сэлгээгээр талбайд гаргасан.
Үүнээс хойших цагт хүн дутуу ч Аргентин хэд хэд урагш довтолсон. Гэвч Испаний хаалга хуурай хэвээр үлдлээ. Тоглолтын тухайд Испаний шигшээгийн довтолгоо эрч хүчтэй байсан mf;nauoa 19 настай залуу авьяастан Ламин Ямаль ямар техниктэй, сайн тоглогч гэдгээ харуулж байлаа.
Гоолын эзэн Ферран Торресын хамт сэлгээнээс орж ирсэн Нико Уильямс ч Испаний тоглолтыг сэргээсэн. Чухам түүний мөргөж дамжуулсан бөмбөгийг Торрес Аргентины хаалганд цөм цохисон хэрэг.
Ийнхүү Испани улсын шигшээ баг 2010 оноос хойш хоёр дох удаагаа “Алтан дагина” хүртлээ. Аргентин Мессигийн 6 ДАШТ-д тоглосон хугацаанд 2022 онд түрүүлж, хоёр удаа мөнгөн медаль дээр буусан нь энэ.
ДАШТ анх удаа гурван улсад болж, мөн анх удаа 48 баг өрсөлдсөн. Нийт 104 тоглолт болоход 308 гоол орсон. Мэргэн буучдын жагсаалтыг Франц буюу “Азарган тахиа”-нуудын Кильян Мбаппе 10 гоолтой тэргүүлсэн. Мөн тэрбээр бүх цаг үеийг 22 гоолтойгоор тэргүүлж буй. Харин Месси 21 гоолтой түүний ард бичигдлээ. Тэрбээр мөн 8 гоолыг энэ удаагийн ДАШТ-д оруулсан.
ДАШТ-ий шилдэг тоглогчоор Испанийн Родри, шилдэг залуу тоглогчоор Пау Кубарси, шилдэг хаалгачаар Унай Симон нар тодорлоо.

Финалын тоглолтын завсарлагааны үеэр хаалтын шоу үргэлжилсэн. Уг шоунд дуучин Мадонна, Шакира, мөн Канадын поп дуучин Жастин Бибер нар оролцож уран бүтээлээ толилууллаа. Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) энэхүү хөгжмийн шоунд зориулж шувтаргын тоглолтын завсарлагааны хугацаа 15 минут байсныг бараг хоёр дахин уртасгаж, 27 минут болгожээ.

