ДАШТ-2026: Англи, Францыг 6:4-өөр хожиж, хүрэл медаль хүртлээ

Хөлбөмбөгийн ДАШТ-2026 дуусахад ганц буюу шигшээ тоглолт л үлдлээ. Урд шөнө хүрэл медалийн төлөөх тоглолт Франц болон Английн шигшээ багуудын хооронд боллоо.

Тус тоглолтыг болохоос өмнө хөлбөмбөгийн мэргэжилтнүүд олон гоол орсон тоглолт болно гэцгээж байсан. Тэр ёсоор л боллоо. Гэхдээ арай ч 4:6 харьцаатай бүхэл бүтэн 10 гоолтой тоглолт болно гэж хэн ч таагаагүй байх.

1954 онд Швейцарт болсон ДАШТ-ий хасагдах шатанд Австри-Швейцарийг 7:5 -аар хожиж байсан (12 гоол!!!) тэр тоглолтын дараа л өнөөдрийн Англи-Франц бичигдэх болж байна.

Эхний үед Английн баг илт давамгайлж, 4:0-оор итгэл төгс тэргүүлсэн. Харин хоёрдугаар үед францын баг тоглолтыг 3:4, бүр 4:5 ч болгож ойртуулсан. Гэвч тоглолтын төгсгөлд сэлгээгээр орж ирсэн Беллинхэм 6 дахь гоолыг францын хаалганд зоож хожлоо.

Гурван арслангуудаас Сака хет-трик хийсэн бол азарган тахиануудаас Мбаппе хоёр гоол орууллаа.

Ингэснээр Мбаппе энэ ДАШТ-д 10 гоол оруулан “алтан шаахай” хүртэх магадлал өндөртэй боллоо. Түүний өмнүүр Аргентиний Месси финалд Испанийн эсрэг хоёр гоол хийж чадвал орох бүрхэг магадлал бий.

Үүнээс гадна Мбаппе ДАШТ-д 22 гоол оруулснаараа 21 гоолтой Мессиг гүйцэж, бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогч болоод байна.

Англи 1966 онд аварга болсноосоо хойш анх удаа ДАШТ-ээс медаль хүртлээ, бас 1982 оноос хойш том тэмцээнд анх удаа “азарган тахиануудыг” хожиж байгаа юм. Хоёр багийн тоглолт хөлбөмбөгийн фанатуудын сэтгэл хөөрлийг дээд цэгт нь хүргэсэн үнэхээр үзүүштэй гоё тоглолт боллоо.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn