Чуулган, байнгын хорооны хуралдааныг 5 ба түүнээс дээш удаа тасалсан УИХ-ын гишүүнд тухайн сарын санхүүжилтийг олгохгүй

Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Хуулийн төсөлд нэгдүгээрт чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөөг сайжруулах, дэгийн зохицуулалтыг тодорхой болгох хүрээнд, хоёрдугаарт гишүүн болон чуулганы хуралдаанд мэдээлэл өгөх бусад албан тушаалтны сахилга хариуцлагыг сайжруулах замаар бүтээмжийг дээшлүүлэх хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг тусгасан.

Тухайлбал, хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тодорхой хугацааны дотор хэлэлцэх асуудлын тов, дараалалд тусгах, хуралдааны явцад асуулт, хариултыг үр дүнтэй зохион байгуулах, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхэд мэтгэлцээн зохион байгуулах, төслийг яаралтай хэлэлцүүлэх үндэслэл, шаардлагын талаар хууль санаачлагчийн танилцуулгыг сонссоны дараа шийдвэрлэх, хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргах хүрээг тогтоох, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг үр нөлөөг дээшлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг төсөлд тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцох, санал хураалттай холбоотойгоор гишүүдийн хариуцлагыг сайжруулах хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаантай бол шалтгаан, үндэслэлээ хуралдааны өмнөх өдөр бичгээр мэдэгдэх, хүндэтгэх шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй, хуралдааныг орхин гарсан бол эсрэг санал өгсөнд тооцох зохицуулалтыг хасаж, санал хураалтад гишүүн биечлэн оролцож санал өгөхөөр тусгалаа. Санал хураалттай холбогдох хариуцлагыг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор гишүүн нэг сарын хугацааны нэгдсэн, Байнгын, дэд хорооны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол Ёс зүйн дэд хороо гишүүний ажлын албаны цалингаас бусад гишүүний төсвийн нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн зөвхөн санал хураалт төдийгүй ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан, эсхүл харъяалагдах Байнгын хорооны, эсхүл дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол дээрх хариуцлагыг мөн хүлээлгэх зохицуулалтыг тусгалаа.

Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол ажлын хэсэг, түр хорооны бүрэлдэхүүнээс хасах зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөө сайжирч, чуулганы хуралдаанд оролцохтой холбоотой гишүүний сахилга хариуцлага дээшилнэ гэж үзжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn