Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) долоо дахь удаагийн санхүүжилтээр хэрэгжсэн “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод хээрийн төсөл) 2021–2026 онд амжилттай хэрэгжиж дууслаа.
Төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам манлайлан хэрэгжүүлж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран гүйцэтгэсэн бөгөөд Хэнтий аймгийн Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин; Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Булган; Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сум болон зургаан байгалийн нөөц газрыг хамруулан хэрэгжүүлсэн юм.
Төслийн орон нутаг дахь хэрэгжилтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, гурван аймаг, есөн сумын Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагууд хариуцан зохион байгуулснаар дор дурдсан бодит үр дүнгүүд гарлаа.
Газрын тогтвортой менежмент
Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн чухал нөөц бүхий, хүний нөлөөлөлд харьцангуй бага өртсөн Дорнодын тал хээрийн бүс нь цагаан зээр, цэн тогоруу зэрэг нүүдлийн олон зүйлийн төллөх, амьдрах чухал орчин юм. Энэхүү бүс нутагт газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хамгааллыг харгалзан шинэлэг аргачлалаар анх удаа боловсрууллаа.
Энэхүү аргачлалыг ашиглан сүүлийн хоёр жилийн хугацаанд орон нутаг болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр Монгол Улсын газар нутгийн 78 хувийг хамруулан газар зохион байгуулалтын төлөвлөлтийг боловсруулсан байна.
Тодруулбал, Монгол Улсын газар нутгийн 52.8 хувийг хамарсан 9 аймаг, 39 сумын газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөө батлагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнд төслийн зорилтот аймаг, сумууд багтаж байна.
Мөн 2026 онд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 26 хувийг хамарсан 8 аймгийн 71 сумын 33,535,136 га талбайд сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажил үргэлжилж байна.
Сумдын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөгөөр дамжуулан бэлчээрийн фото-мониторингийн судалгаанд тулгуурлан доройтсон бэлчээрийг өнжүүлэх, нөхөн сэргээх арга хэмжээг сум, багийн түвшинд зохион байгуулснаар нийт 1.4 сая га бэлчээрийг сэргээж чадлаа.
Тогтвортой мал аж ахуй
Төслийн хүрээнд малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, ногоон тэжээл тариалж дарш бэлтгэх, хурганы мах үйлдвэрлэх, өсвөр үхэр тэжээх, сүүний фермийн аж ахуйг хөгжүүлэх, сүү боловсруулах технологи нэвтрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.
Түүнчлэн хоршоонд суурилсан ноос, ноолуур, сүү, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, мал нядалгааны жижиг үйлдвэр байгуулах, тал хээрийн бүсэд тохирсон малын жишиг саравч, хашааны загвар нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ нь малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоо толгойг зохистой бууруулах, улмаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан булаг, шанд хаших ажлыг дэмжиж, байгальд ээлтэй хашааны загвараар Улз голын эхэн булаг, жижиг нууруудыг хамгаалснаар хүлэрт намаг, бэлчээр, цэн тогорууны амьдрах чухал орчныг хамгаалж, үржлийн амжилтыг нэмэгдүүлэх сайн туршлага бий боллоо.
Мөн татмын ойг хамгаалах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих цэвэрлэгээ хийх, мод үржүүлгийн газар байгуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзсан шинэ аргачлалаар сумын болон тусгай хамгаалалттай газрын ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг дэмжсэнээр 300 орчим га газрыг бодитоор нөхөн сэргээх, 75,315 га талбайд ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх боломж бүрдсэн байна.
Тариалангийн газрын хөрс хамгаалал
Дорнод хээрийн бүсэд хөрсийг салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх зорилгоор нөхөн сэргээх газар тариалангийн арга туршлагыг нэвтрүүлэв.
“Зүүн бүсийн залуу тариаланчдын холимог тариалангийн менторшип хөтөлбөр”-өөр дамжуулан нийт 19,500 га талбайд энэхүү аргачлалыг хэрэгжүүлсэн бөгөөд нэг төрлийн таримал тариалах бус хоёроос дээш төрлийн үнэ цэнтэй таримлыг хослуулан тариалах замаар хөрсний бичил биетний үйл ажиллагааг идэвхжүүлж, агаарын азотыг ургамалд ашиглагдах хэлбэрт оруулан богино хугацаанд хөрсний ялзмагийг нэмэгдүүлж байгаа сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажил хийгдэж байна.
Мөн малчид, тариаланчдын хооронд үүсдэг зөрчлийг хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх зорилгоор малын тэжээлийн захиалгат тариалан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.
Үүний зэрэгцээ сумдад “эко гудамж” санаачлагыг дэмжин, хашааны газартаа мод, хүнсний ногоо тарих, цөөн малтай эмэгтэйчүүд, ногоочдын бүлэг, хоршоодыг байгуулж хүнсний ногоо тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх, мод тарих зэрэг үйл ажиллагааг өргөжүүлснээр газрын тогтвортой ашиглалтыг дэмжсэн үр дүн гарч байна.
Байгалийн нөөц газрын менежмент, нүүдлийн зүйлийн хамгаалал
Төслийн хүрээнд байгалийн нөөц газрын хамгааллын менежмент, засаглалыг сайжруулах, хамгаалалтын хилийн заагийг баталгаажуулах, хамгаалалтын захиргаа болон байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэх, менежментийн төлөвлөгөө болон менежментийн үр ашигт байдлын үнэлгээг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн.
Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалыг боловсронгуй болгож, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө болон байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөө хоорондын уялдааг сайжруулснаар нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх орон нутгийн манлайлал, санхүүжилт нэмэгдэх боломж бүрдлээ.
Үүний үр дүнд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, өвөрмөц экосистем болон нүүдлийн амьтдын хамгааллыг сайжруулах, байгаль хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад бодит ахиц гарсан байна.
Экологийн боловсрол, орон нутгийн оролцоо
Экологийн боловсролын төв, булан байгуулах, экобүлгийн хүүхдүүд болон нутгийн иргэдийг хамруулсан нөлөөллийн аян, танилцах аялал, эрдэм шинжилгээний хурал, судалгааны хөтөлбөр зэрэг олон арга хэмжээг зохион байгуулснаар хүүхэд, залуусын байгаль орчны боловсрол дээшилж, нутгийн иргэдийн байгаль хамгаалал, нүүдлийн зүйлийн хамгааллын талаарх ойлголт, оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
Мөн байгалийн нөөц газарт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Хар ямаат” зөгийн балны кластерийг дэмжих, нутгийн онцлогтой гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг эко бизнесийн санаачлагуудыг дэмжсэнээр мал аж ахуйн бус орлогыг нэмэгдүүлж, бэлчээрийн доройтлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлжээ.
Даян дэлхийн зорилтод оруулсан хувь нэмэр
Дорнод хээрийн бүсэд газрын нэгдмэл менежментийг хэрэгжүүлж, газрын доройтлыг бууруулан биологийн олон янз байдлыг хамгаалснаар нийт 20 сая тонн нүүрсхүчлийн хийг шингээх боломж бүрдэж, Даян дэлхийн байгаль орчны сангийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улс бодит хувь нэмэр орууллаа.
Ялангуяа бэлчээрийн газрыг байгалийн аясаар нөхөн сэргээх замаар доройтлыг бууруулсан туршлага, үр дүнг Төв Азийн орнуудтай хуваалцаж байна.
Төслийн үр дүн, сайн туршлага нь 2026 онд Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг тэмдэглэх болон Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд Монгол Улсын оролцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

