Зууны эмэгтэй: “Фронт “ Цэгмэд

XX зууны хамгийн дуулиант түүх дэлхийн II дайны үеэр ах, дүүгийн найрамдалт харилцаатай Оросын ард түмэнд Монголын ард түмнээс бэлэг хүргэлцсэн эгэл биш түүхээрээ домог болон мандсан, Улсын сайн малчин Сүрэнхорын  Цэгмэд

Оросын хар цагаан түүхэн гэрэл зургуудыг тухайн цагийнхаар нь өнгө оруулж буддаг Ольга Ширнина гэж эмэгтэй klimbim нэрээр нийгмийн сүлжээ хөтөлдөг юм. 2017 оны намар тэрээр бидний “Фронт Цэгмэд” хэмээн нэрлэдэг эмэгтэйн залуугийнх нь зургийг шинэчлэн будаж,  нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлжээ. С.Цэгмэдийн жавхайтал бүсэлсэн дээлийг ногооноор, хоёр үзүүрийг нь бүсэндээ хавчуулсан тэмээний ноосон ороолтыг бор саарлаар, үнэгэн малгайг нь улаан шараар буджээ. Танан цагаан шүд яралзуулан инээмсэглэсэн бүсгүйн хацрыг улаа бутруулжээ. Далан найман жилийн тэртээ дүн өвлөөр фронтод бэлэг хүргэж яваа монгол бүсгүйн зургийг ингэж дахин амилуулсан байлаа. С.Цэгмэд фронтод бэлэг хүргэж явахдаа ийм л төрхтэй байсан нь мэдээж. Энэ мөчөө  тэрээр амьдралынхаа хамгийн чухал үйл явдалд тооцсоор насыг элээсэн. Бид ч тэгж л боддог. Явсан, ирсэнтэйгээ нийлээд сар хүрэхгүй хугацаанд өрнөсөн тэр үйл явдал зуу шахам насалсан буурайгийн  үзэж  туулсан өдөр хоногуудын цөөхөн нь боловч хамгийн тод дурсамж болон үлдсэн юм.

Олны мэдэх эл түүхийн ард өчнөөн жаргал, зовлон байсан байж таарна. Ерөөс хүний амьдрал энэ хоёроос бүрддэг юм чинь.

Өнгөцхөн харвал С.Цэгмэд хэмээх малчин бүсгүй фронтод бэлэг хүргэх БНМАУ-ын төлөөлөгчдийн багт багтсан нь аз юм шиг харагдана. Гэвч  ачир дээрээ С.Цэгмэд өөрөө тэр “аз” гээчийг төрөлх араншин, ажилч хичээнгүй зан чанараараа хичээн олж авч,  хүртсэн байдаг. Дэлгэрхангай уулын өвөрт тарчиг айлын ууган охин болж мэндэлсэн С.Цэгмэд хоршооны мал маллахаар болжээ. Хоршооноос 500 толгой хонь өглөө, туугаад аваад яв гэсэн юм биз. Харьж очсон хойноо хонио тоолоод үзтэл 503 хонь. Ахин дахин тоолоход яалт ч үгүй гурван толгой илүү болж таарав. Хоршооноос хүн хар ирж илүү өгчихжээ, эргүүлж авъя ч гэсэнгүй. Хувийн мал гэхээр юмгүй хүнд гурван хонь хөрөнгө байсан цаг шүү. Хойтон гэхэд зургаа болчихно. Тэрний дараа жил данс хараанд тусаагүй хувийн сүрэг нь дор хаяж ес болно гэх мэт цээжний хонжоо хийвэл чамлах юм огтоос биш. Гэтэл яасан?

С.Цэгмэд гурван хонь надад илүү өгчихжээ гээд тууж аваачаад хоршоондоо тушаачихав. Дөрвийн дөрвөн эрэгтэй дүүтэй хүнд уул нь яав ч илүүдэхгүй хүнс. Гээд яахав С.Цэгмэдийн төрөлх зан нь ийм юм хойно.

Дашрамд сонин болгоход дөрвөн дүүгийнх нь нэг хожим МУГЖ цол хүртсэн С.Батсүх. Яагаав нөгөө “Хайрыг минь булаасан хайртай хонгор Янжмаагаа авгайгаа болгоно доо” гэж дуулдаг нөхөр.

Илүүг нь илүү харалгүй авч үлдсэн 500 хонио хорогдуулалгүй онд оруулж, төлөө гарзгүй авчээ. С.Цэгмэд бардам хэлдэг ганц үгтэй. Өдий олон жил өчнөөн мал маллахдаа ганц ч төлийн хорогдол гаргаж явсангүй ээ гэдэг үгийг харин ч нэг бардам хэлнэ. Малынхаа тоо толгойг 500 саяд хүргэх бүтэшгүй даалгавар Сталинаас авсан маршал Х.Чойбалсанд ийм малчинд итгэл төрүүлж, түшиг болж явсан цаг билээ.

Малаа өсгөх бүхий л талын арга чарга эрэлхийлсэн Х.Чойбалсан тэр цагаас “Улсын сайн малчдын зөвлөгөөн” зохиож, “Мянгат малчин” цолонд мөнгөн бүслүүртэй савхан хувин, эцэг малын мөнгөн дүрс хүртэл дагуулж өгч байлаа. С.Цэгмэд “Улсын сайн малчдын зөвлөгөөн”-д гурвантаа төлөөлөгчөөр оролцсон юм билээ. Энэ нь л түүнийг баараггүй сайн малчин гэдгийг харуулах олон таван магтаалгүй баталгаа. Анх арван найман насандаа дээрх зөвлөгөөнд оролцсон С.Цэгмэдэд Хөдөлмөрийн гавьяаны одонг нь маршал Х.Чойбалсан өөрийн гараар энгэрт нь зүүж өгчээ. Эндээс бидний мэдэх түүх эхэлсэн байдаг.

Дэлхийн II дайны гал аугаа Зөвлөлтийн өртөцөд дүн өвлөөр дүрэлзэж зүрхэнд нь улам ойртон, Гитлер энэ гаригийн эзэн болох минь өнөө маргаашгүй хэмээн алгаа үрчиж суухад өчүүхэн буурай монголчууд “Бүхнийг фронтод” уриан дор өгье гэвэл ганцаасаа хэмээн зүтгэсэн цаг үе бол 1942 он. Тэр жилийн арваннэгдүгээр сарын 25-нд маршал Х.Чойбалсан, Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, зохиолч Ц.Дамдинсүрэн нарын төрийн болоод ард түмний төлөөлөл 40 гаруй хүн 217 вагон бэлгээ аваад хөдлөв. Тэдгээр төлөөлөгчдийн  дотор С.Цэгмэд хамгийн залуу нь байлаа. Энэ бүрэлдэхүүнд багтаж Зөвлөлт рүү явах болсноо анх ээждээ дуулгахад ер итгэж өгөөгүй гэдэг.

Фронтод хүрч бэлгээ гардуулсан хойно нь Монголын төлөөлөгчдөөр хүн төрөлхтний дайсан фашистууд руу их буугаар сум тавиулахад С.Цэгмэд Монголын эмэгтэйчүүдийг төлөөлөн бууджээ. Маргаашийн сонинд “Монголын төлөөлөгчдийн буудсан суманд фашистын 32 цэрэг алагдаж, дөрвөн их буу нь сөнөлөө” гэдэг мэдээ гарсан байна. Ямартаа ч Монголын төлөөлөгчдийг фронтын шугам дээр байхад Сталинград хотыг чөлөөлсөн юм.

Фашистын тархин дээр бөмбөг тэсэлсэн С.Цэгмэдийн зүрхэнд цэцэг дэлгэрээ юү дээ гэж бодохоор явдал тэгэхэд болсныг хожим дурссан нь бий. Нэгэн өдөр Монголын төлөөлөгчид сөнөөгч онгоцны бригадаар зочилжээ. С.Цэгмэд Зөвлөлтийн дайчин бүрт зориулан бэлтгэсэн бэлгээ ч гардуулж. Тэгэхэд залуухан эрэмгий нисгэгчтэй хамт зургаа татуулж, сөнөөгч онгоцоор нь нисэж фронтыг дээрээс нь харсан гэдэг. Нас чацуу хоёр залууг Г.Бумцэнд гуай цаашлуулж “Манай хоёр улс ахан дүүгийн барилдалгатай юм чинь залуус  үерхэхэд болохгүй нь юу байхав” гэж С.Цэгмэдийг ичээж, бусдыг баясгасан аж. С.Цэгмэд монгол эмэгтэй сэтгэлт хархүүдээ дурсгадаг аяганы алчуурыг  В.П.Носовт бэлэглэж хариуд нь эрээн иштэй хутга түүнээс авчээ. Залуу цагийн ийм явдал сэтгэлээс гардаггүй. Хожим 1966 онд Зөвлөлтөөс нэгэн захидал хүлээж авсан С.Цэгмэд түүнийг В.П.Носовоос ирсэн байгаасай билээ хэмээн нууцхан хүссэн ч  үгүй байж. Тэр нь фронтод танилцаж шижир алтан бөгжөө дурсгасан Зина хэмээх бүсгүйн захидал болж таарав. Харин шижир алтнаас үнэтэй дурсамж үлдээсэн В.П.Носов нь 1945 онд тулалдааны тэнгэрт баатарлагаар амь эрсдэн Зөвлөлт холбоот улсын баатар цолоор нэхэн шагнагдсаныг С.Цэгмэд мэдээгүй юм.

Дэлхийн дайн холбоотнуудын ялалтаар өндөрлөж талын Монголд энх цагийн амьдрал үргэлжлэв. С.Цэгмэд насаараа тэмээ малласан хүн. Түүнийгээ тэмээ надад их сайн гэж ихэд энгийн тайлбарлана.

Үнэндээ бол С.Цэгмэд тэмээнд хайртай малчин. Мал төллөсөн хаврын хахир цагт нялх ботгоор гэрээ дүүргэж зүтгэсээр ганц ч төлийн хорогдолгүй гарсан жил олон. Долоон хүүхэд төрүүлж өсгөсөн С.Цэгмэд би чинь малтайгаа зэрэгцээд л жил өнжилгүй төрсөн хүн гэж  ярих нь түүний шогч зангийн илрэл. Тэр  амьдралдаа хатуу зарчимч нэгэн байв.  Хүүхдүүдийнх нь эцэг багагүй сагаж, балгаад зогсохгүй бас дээрэлхэх маягтай болсон юм биз. “Жаргал даахгүйн зовлон” киногоор  үүнийг төсөөлчихөж болно. Ямар ч хангал тэмээг номхруулчихдаг С.Цэгмэд амаа мэдэхгүй догширсон нөхрөө аргадах гэж аргаа барсангүй, зүгээр л хөөгөөд явуулчихаж. Зай болохгүй гай болоод байвал замыг нь заагаад өгчихсөн нь дээр байдаг гэсэн үг тэдний гэр бүлд ийн биеллээ олжээ.

Социализмын жилүүдэд малчдын зовлон мундахгүй. Бүрэн бүтэн өсгөхөөс гадна элдэв даалгавар давхар дайж чардайлгадаг байсан. Жишээ нь, тэмээчинд хорголын норм тогтооно. Жилдээ төдөн шуудай хоргол түүж улсад тушаа гэдэг үүрэг юм даа. Олон нялх хүүхэдтэй С.Цэгмэдэд бас нэг ачаа. Нэг удаа тэрээр  Улаанбаатарт Монголын эмэгтэйчүүдийн IV их хуралд ирэхдээ Ю.Цэдэнбалтай уулзаж хомоолын норм хэтрээд байгааг өөрийн биеэр дуулгажээ. Ю.Цэдэнбал үгийг нь анхааралтай сонсоод орон нутгийн удирдлагуудад нь хэлэхээ амалж, хэлсэндээ ч хүрсэн аж. Тэгж уулзахдаа С.Цэгмэдэд бэлэглэсэн эмэгтэй хүний гоёлын цүнх тэмээчдээс нэхдэг байсан хомоолын нормыг сануулан хэдий элэгдэж хуучирсан ч авдарт хадгалаатай шинэ цагийг үзсэн юм.

Төрийн даалгаврыг түүртэлгүй гүйцэлдүүлж ирсэн С.Цэгмэд амьдралд сөхөрдөггүй,  аминдаа арчаатай монгол эмэгтэйчүүдийн нэг. Нийгэм солигдож бужигнахад ч угийн малч ухаанаараа хөл алдалгүй зах зээлд учраа олсон хүн. Мэдээж хэцүү хатуу үе тохиосон, бид бүгд л туулсан юм чинь.

Тэр цагт Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдад хандан тусламж хүссэн юм билээ. Тэвдэж явахад нь тэмээгээр тусалсан С.Цэгмэдийг Орос орон, орос хүн мартаагүй. Түүнд жил бүр бэлэг илгээдэг байжээ. Түүн дотроос хөл дүүжлэх мотоциклтой болгож өгсөнд С.Цэгмэд талархахын дээдээр талархсан гэж өөрөө ярьж асан. Аугаа их эх орны дайны ялалтын сүрт жагсаалд С.Цэгмэдийг урьж хүндэтгэлийн суудалдаа залж тусыг мартдаггүй орос зангаа харуулсан энэ ард түмэнд тэр хамгаас хайртай.

Түүнийг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат гэхээсээ “Фронт Цэгмэд” гэвэл Монголд андахгүй, Орост ч танина.

Амьдралын фронтод нугарч, шантарч үзээгүй энэ монгол эмэгтэй ерэн долоон насандаа “Мянган ээжийн чуулган”-д чуулганд оролцож явлаа. Шагналаар шахам фронт руу явсан С.Цэгмэд амьдралын фронтод ялалтын тугаа өргөж, дуудуулах алдраа дархалсан жирийн нэгэн монгол эмэгтэй бөлгөө.

 

Д.Батбаяр

Эх сурвалж: Зууны 100 эмэгтэй ном

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn