Тэрээр:
Жендэрийн тэгш эрх бол хүний эрх шүү.
Сүүлийн өдрүүдэд шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн түр тусгай арга, намын жагсаалтыг зохион байгуулалттайгаар шүүмжлэх боллоо. Тодруулбал, 2026 оны 2 дугаар сарын 09-ны өдөр нэг сайтад “Парламент дахь эмэгтэйчүүд: Квот уу, кноп уу?!” нэртэй бичигч тодорхойгүй нийтэл гарсан. Өнөөдөр УИХ-ын нэг гишүүний асуудлыг мөн л дэлхий даяар түгээвэл хэрэглэж байгаа хүйсийн квот /түр тусгай арга/, намын жагсаалттай холбон шүүмжилж байна.
Угтаа бол улс төрд жендэрийн тэгш байдлыг бий болгох, эмэгтэйчүүдийн эрхийг өргөжүүлэх асуудал нь хүний эрхтэй салшгүй холбоотой төдийгүй, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн суурь хүчин зүйл юм. Таныг оролцуулахгүйгээр таны өмнөөс өөр хүйс шийдвэр гаргахыг та зөвшөөрөх үү.
Монголчууд бид ардчилал, шударга ёс, хүний эрхийн төлөө ам булаалдан мэтгэлцэх атлаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг үл ойшоогоод байгаа харагдах юм. Алддаггүй хүн байхгүй байх. Асуудал нь хүндээ биш нэр дэвшигчээ тодруулах механизмдаа байгаа шүү. Тодорхой хэлбэл, улс төрийн намын дотоод ардчиллын асуудал. Өнгөрсөн 36 жил улс төрийн намууд нэр дэвшигчийг тодруулахдаа хэтэрхий хайнга хандаж ирсэн. Эрэгтэй дарга нар нь нэр дэвшигчийг тодруулдаг байсан шүү дээ.
Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д улс төрд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй байхаар хуульчилсан. Тэгвэл яагаад эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадахгүй байгаа юм бэ гэх байх. Бодит байдалд намаас нэр дэвшигчийг эрэгтэйчүүд тодруулж байна, асар их мөнгөөр сонгуульд өрсөлдөж байна, намын бүтцийн шийдвэр гаргах бүх түвшинд эрэгтэйчүүд давамгайлж байна, сонгогчдын дунд манлайлагчийг эрэгтэй дүрээр төсөөлдөг хэвшмэл ойлголт байсаар байна.
Намын гишүүдийн олонх нь эмэгтэй, тэд намд элсэх элсэх эрхээ эдэлж байгаа ч нэр дэвших эрхээ шударга бус, мөнгөөр уралдсан өрсөлдөөнөөр боймлуулсаар байна.
НҮБ жендэр бол хүний эрх, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд улс орнууд багадаа хувиас доошгүйгээр түр тусгай арга /квот/-ыг хэрэглэх, ОУПХ парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 50/50 байх зорилт тавьж байна. ЕАБХАБ парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 32 хувь байгааг бага байна, цаашид жендэрийн тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдийн манлайлал, дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байна. Бид эдгээр олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэж, хүний эрхийг хүндэтгэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах үүрэг хүлээсэн.
2023 оны Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу Монгол Улс УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар парламентын 126 гишүүнтэй болж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн, Мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр “2024 оны сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх” зохицуулалт орсон. Мөн улс төрийн намын тухай хуулийг шинэлэн найруулж, улс төрийн намыг дотоод ардчилалттай, хүний эрх, жендэрийн хариуцлагатай байхаар шинэчилсэн. Одоо л хууль бүрэн хэрэгжиж байна.
2024 оны УИХ-ын сонгууль Монголын түүхэнд хамгийн олон буюу 1341 нэр дэвшигч өрсөлдөж, үр дүнд нь УИХ 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Үр дүнд нь, парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26-д хүрч, эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоогоор Ази тивдээ тэргүүлэх, олон улсад ч 30 байр урагшилсан гэх эерэг статистик гарсан. Олон улсын эрэмбээр урагшлах болох хөгжлийн чухал үзүүлэлт, цаашид ч засаглалд эергээр нөлөөлөх боломжтой.
Гэтэл хэн нэг эмэгтэй алдаанаас болж хүний эрхийн чухал алхамаасаа ухармаагүй байна.
Асуудал нь нэр дэвшигчийг тодруулах механизм шүү. Улс төрийн намуудаа шинэчлэх, дотоод ардчилалтай болохыг шаардмаар байна.
Олон улсад хүйсийн тэгш эрхийг хангахын тулд:
- Нам дотоод бүтэц, зохион байгуулалтаа жендэрийн мэдрэмжтэй болгох,
- Сонгуулийн өмнө нэр дэвшигчийг тодруулах дүрэм журмаа тодорхой, нээлттэй болгох, хэрэгжүүлэх,
- Сонгуулийн үеийн зардлыг бууруулж, өрсөлдөөнийг шударга болгох,
- Парламент болон гишүүдийг чадавхжуулах ажлуудыг хийхийг зөвлөдөг.
Энэ бүхэнд эрэгтэй улс төрчдийн бодлогын манлайлал хэрэгтэй байна. Тэгэхээр шинэчлэлийг, хүний эрхийг намуудаас эхэлье.
