Японы тухай зураглал-2

Ширакавагоос хөдлөх боллоо.

Тосгоноос дөнгөж хөдөлтөл өчигдөрхөн тууз хайчилж, ашиглалтад аваа юу гэлтэй нүхэн гарц руу ороод явчихав. Нүхэн гарц руу орохын өмнө уртын хэмжээ заасан пайз нүдний үзүүрт хальтхан үзэгдээд өнгөрөв.

Гэнэт саваагүй хөдлөөд, нүхэн гарцуудыг тооллоо доо. Урт богино хориод нүхэн гарцыг туулж өнгөрүүлэв. Сүүлдээ бүрэнхий ч боллоо, залхуу ч хүрлээ. Тэгээд л тооллогоо зогсоосон доо. Туйлбаргүй ч юм бол доо.

Гадагш гарах бүртээ зам зуурт тааралдсан юм болгоныг харж ээ явах шиг зугаатай зүйл үгүй. Ойр тойрныхоо хамаг амьтныг усалж ундуулдаг эртний нуур Бивагийн мандлын хосгүй үзэмж, нов ногоон тутаргын талбайгаас дэрхийн нисэх хос цагаан тогоруу, хэн нэгнийг хүлээн түрээсийн газрын зогсоолд хөмрөөтэй хэвтэх завьнууд, отоглох цэгт бужигналдах жаргалтай гэр бүл, холын замд биеийн чилээ гаргах түр зогсоолууд, туж харна гэвэл уйдаж үхмээр хүрэн өнгийн дан байшингууд, түүний цаана харагдах шовх оройт уулнууд, харандаан их биетэй хулсан ойнууд, эгц хадан цохионоос унах ариун дагшин Ширамизү хүрхрээ, хаяандаа бүрлээчдийгээ нутаглуулсан жижиг тосгод. Эгээ л гэрэл зураг шиг агшин юутай олон таарна вэ.

Төв зам дагуух хонхон чимэглэлтэй гэрлийн шонгууд, рамэнгийн газруудын үүдэн дэх гурвалжилж тогтоосон үнийн самбарууд, гаднах тохижилтоороо үйлчлүүлэгчдийгээ даллан дуудах кофе шопын хагас онгорхой хаалга, лавтайяа юм юмтай байхуйц томоохон хоршоо дэлгүүрүүд, самуруйн малгайг санагдуулам орой бүхий сүм хийдүүд, жуулчдын халаасыг бага багаар сэгсрэх бэлэг дурсгалын дэлгүүрүүд, түг түмэн цэцэгсийг тэнгэрийн цээлд бүтээх үдшийн буудлага, шөнийн харанхуйг нэвт зүсэн хурдлах суман галт тэрэг, өнгөрсөн цагаар аялуулах Арашиямагийн гүүр.

Хэрэг зориг болгож хальсанд буулгамаар, өч төчнөөн зураглал нүднээ буухыг яалтай.
Соёлт хүн төрөлхтний хамгийн сүүлчийн хэвийн жинтэй хүмүүс, тэдний өдөр тутмын байр байц ч сонирхолыг минь татна. Оготор хамартай загварлаг бус хөнгөн тэрэгнээс зүүгдэх шахам буух махир эмгэн, загас үнэртсэн голоор хээв нэг сэлүүрдэх зожиг эр, усан борооноор шүхэр ч үгүй алхах идэрмэг насны залуу, элдэв тоноглолгүй дугуйг сурмаг гэгч нь унах миний үеийн эмэгтэй, зам салсныг зааж хүндэтгэлтэйгээр дохих хөдөлгөөн зохицуулагч, урдах шилнийхээ цаанаас “Та яв” хэмээн зангах хүлээцтэй жолооч, хүүхэд насны гэм хоргүй инээмсэглэлээр буй орчноо баяр баяслаар дүүргэх охид хөвгүүд, халуун рашаанд донтсон эр эм хүмүүс.
Японы аагим халуун намжихыг хүлээнэ гэвэл тоотой хэдхэн амралтын хоногууд маань нүд ирмэхийн зуур үрэгдээд өнгөрөх янзтай.

Ингээд мөнөөх халууныг үл ажран өнөөх гөлтгөр зам дээрээ ахиад гарлаа даа. Японд мухар зам гэж үгүй бололтой. Уул хөндөлсвөл сүвлээд, нуур таарвал тойруулаад тавьчихсан тийм замаар жирийлгэж ээ явахад япон хүний тууштай хөдөлмөрч зан чанар, цэвэр ёс зүй дээгүүр цаг хугацаа, орон зайг эвхэж яваа шиг эмзэглэх мэдрэмж төрнө.

Тэр өдрийн аяны тэнгэр намайг Алтан сүмийн өмнө аваачсан юм. Гурван давхар, орой дээрээ галт шувуутай уг сүмийг энэ оны цаг тооллоос авч үзвэл, 628 жилийн өмнө барьж л дээ. Өнөө цагийн бидний зорин зорин очиж, үзэж байгаа загвар бол 1955 онд сэргээн засварласан хувилбар юм байна. Сүм хэд хэдэн удаа галд өртсөн ба сүмийн гоо үзэсгэлэнг өөр хэн нэгэнтэй хуваалцахыг хүлцэн тэвчээгүйгээс 1950 онд нэгэн золгүй лам бүрэн галдсан байна. Цөөрмийн усанд их биеэ тольдох алтадмал сүмийн өмнөх хашлагад тулж ирсэн жуулчин бүр зургаа татуулна. Сүм нэг янзаараа суурин дээрээ оршиж, аялагчдын царай төрх, байр байдал туж сэлгэгдэнэ. Суурин газрынхан амьдралынхаа сайныг нь сайнаар нь, мууг нь муугаар нь бичиж үлдээдэг нь энэ аж.

Аяллын өөр нэг хөтөлбөр бол мянган бугатай гэх Нарагийн цэцэрлэгт хүрээлэн байж таарсан.

Тэндхийн цоохор буганууд яг л хүүхэд шиг. Гар дагуулж харна, хэний гар хоосон, хэнийх жигнэмэгтэйг андахгүй. Хэрэв гарт тань жигнэмэг бийг олж мэдвэл тэд таныг мөр алдахгүй дагана. Хүзүүгээ сунгаж тэмүүлнэ, нэгнээсээ өрсөх гэж үзнэ.

Бүр болохгүй бол айлгах арга хэрэглэнэ. Гарт дахь жигнэмэг дуусах хүртэл янз янзаар үзнэ. Жигнэмэг олж идэх тэдний баараггүй дархан мэх бол зочдод бөхийх. Хэн гэгч анхнаасаа тийм аргад тэднийг сургасныг бүү мэд, задгай талбайн цирк шиг тэр үзүүлбэрт хөгшин хөвөөгүй амьтан сургагчаар татагдан оролцоно. Зарим нь бүр жигнэмэгээ тараагаад дууссан болохоо ховдог нэгэнд нь хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй, арга чаргаа барж байгаа бололтой гараа савчуулангаа тайлбарлаж ч харагдах шиг.

Хоног хугацаа задалсан мөнгөн дэвсгэрт шиг нэг л мэдэхэд гарын салаагаар урсан одож, буцах цаг дөхлөө. Магад Нарагийн цэцэрлэгт хүрээлэнд идсэн зайрмаг шиг ч юм уу. Ганц зайрмаг гарт бариултал нохой гаслам халууныг үл даан яах ийхийн зуургүй хайлмагтан, хуруун засвараар гүймэгтэн урсахад хэрхэн идэх аргаа ололгүй балмагдаж байж билээ. Ингэж л Япон орноор аялсан нэгэн зуны аялал маань нэг насны дурсамжийг бүтээсэн юм.
Кансай олон улсын нисэх буудлаас гурав гаруй цаг нисээд газардах газрыг Хөшигийн хөндий гэнэ. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал нь надтай хамт ирсэн гаднын жуулчдыг мишээн угтах Монгол орны өндөр босго билээ.

Тэмдэглэлийн түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Сэтгүүлч Б.Туул

 

 

 

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn