“Амьдрал”-аа шинэ хөг аялгуу, шинэ нийгэмд зориулсан Цэндсүрэнгийн Энхманлайн дурсгалд

Өчигдөр өдөр нэгэн их гүн харуусалт мэдээ түгсэн нь Харангын Манлай ах өнгөрчихлөө хэмээх мэдээ. Монголдоо албан ёсоор анхны рок хамтлаг байгуулж тэртээ 1989 онд анхны тоглолтоо толилуулсан тус хамтлагийн гишүүд бүгд “Харанга”-ын тэр, тэр гэгддэг.

Харанга хамтлагийн анхны тоглолттой холбоотой хоёр ч дурсамжийг санаж байна. Харанга гэдэг хамтлаг байгуулагдаж анхны тоглолтоо хийхээр тэр үеийн Соёлын яамны уран сайхны зөвлөл буюу главлитэд хүсэлт гаргаж. Тус зөвлөлийн хурал дээр ихэнх гишүүд нь Харангын тэрхүү “Амьдрал” тоглолтын эсрэг байж.

Харин Э.Оюун гуай тоглолтоо нэрлэсэн Амьдрал дууных нь үгнээс ишлэн тоглолтыг дэмжиж байгаагаа илэрхийлэн Харанга болоод анхны тоглолтыг нь эх барьж авсан гэдэг. Ц.Энхманлайгийн өөрөө үг, аяыг нь зохиосон “Амьдрал” дууны “Ээ өө хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа” гэсэн мөрийг Э.Оюун гуай иш татан “Ийм гайхамшигтай хүсэл тэмүүлэлтэй залуусыг тоглуулья л даа” гэж хэлснээр тийнхүү зөвшөөрөгдсөн байдаг юм.

1989 оны дундуур миний ажиллаж байсан арьс ширний үйлдвэр, улс орны бусад бүхий л үйлдвэрүүд, албан байгууллагын залуусын дунд “Амьдрал”,  “Шүүдэрцэцэг”, “Рок бидний хүслэн”, “Найм дахь гариг”, “Манан” дуунууд тарж залуус шинэ дуу сурч шинэ үеийг мөрөөдөхөд нь түрж аялгуугаараа хөглөж байж билээ. Намар нь “Харанга” хамтлаг анхны концертоо Драмын театрт тоглох тухай зар түгсэн юмдаг.

Энэхүү тоглолтын билет тухайн үеийн кинотеатруудад гарсан кинонууд болох “Хонгилдон”, “Бүү ай би чамтай хамт”, “Богино холбоо” кинонууд лугаа адил очер дараалал ихтэй, театрыг битүү үзэгчтэй болгож байлаа.

“Харанга”-ын дуунд тухайн үеийн монгол залуусын хүсэл мөрөөдлийг илтгэж тэднийг шинэ цаг, шинэ эрин, шинэ амьдрал, шинэ нийгэмд уриалан дуудсан нэгэн шинэ уриа дуудлага болж билээ.

Ингэж л тэр хахир хатуу нийгмийг уясган зөөлрүүлэх аялгууд төрсөн бөлгөө. “Харанга” энэхүү 36 жилийн туршид эх орондоо төдийгүй дэлхийн олон оронд хэдэн арван тоглолт хийж, хэдэн зуун тоглолтод орж уран бүтээл нь ганц өдөр өнжилгүй эгшиглэсээр өдий хүрч ирлээ.

Тэр бүхэнд хамтлагийн ахлагч Цэндсүрэнгийн Энхманлайн оруулсан хувь нэмэр асар их гэдгийг бид бүхэн дурсан санаж байна. Манайхан бүгд хайртай сонсох дуртай “Харанга” хамтлагийнхаа гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа.

Тодотгоод хэлэхэд Ц.Энхманлай ах бүхий л амьдралаа хөгжимд, шинэ шинэ хөг аялгуунд зориулсаныг намтар дээр нь тодорхой бичжээ. Тэрбээр 1974 оноос амьд хөгжимд дурлан “Ногоон гэрэл” 1975-1977, “Айзам” 1977-1978,  цэрэгт очоод “Соёмбо” хамтлагт тоглож эхлээд 1978-1986, дараа нь “Цирк” 1986-1989 он гээд “Харанга”-ыг 1989 онд байгуулснаас хойш өнөөг хүртэл гитараа тоглож, дуугаа зохиож, дуугаа дуулсаар өнөөг хүрснээс нь харж болно.

Социалист хэмээх нийгэмд харанга болон нүргэлж, Монгол залуусын шинэхэн урлаг, соёлд тэмүүлэх нийгмээ өөрчлөхийн төлөөх тэмцлийн нэгэн түүчээ болсон нь маргашгүй үнэн билээ. Хүүхэд, залуу, хөгшид хэн бүхэнд амьд хөгжим тэр дундаа рок хөгжмийн нүүр царай болж байдаг “Харанга” хамтлаг түүний ахлагч хэмээн үеийн үед дуурсагдах хүн бол Ц.Энхамгалан өөрөө билээ.

О.Хуяг

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn