Б.Баярбаатар: Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмж олгох заалт хуульд орсон

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж, ирэх долоо хоногт эцэслэн батлахаар болоод байна.

Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн  Б.Баярбаатар ажиллажээ. Тус ажлын хэсэг сүүлийн нэг жилийн турш ажиллажээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар байр сууриа илэрхийлсэн байна.

Хуулийн үндсэн концепц: Амьд хүнийг хамгаалж, амьгүй донорыг дэмжих

Шинэ хуулийн гол зорилго нь эрүүл саруул байгаа “амьд донор”-ыг хамгаалах, тэдний эрүүл мэндэд ирэх эрсдэлийг бууруулахад чиглэж байна. Одоог хүртэл манай улсад гэр бүлийн гишүүд нь бие биедээ эрхтэнээ өгөх тохиолдол түгээмэл байгааг хуулиар зохицуулж, оронд нь амьгүй донор”-оос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог илүү боловсронгуй болгохыг зорьжээ.

Донор болох “Холимог” тогтолцоо

Дэлхий нийтэд Opt-out (татгалзаагүй бол зөвшөөрсөнд тооцох) болон Opt-in (зөвшөөрсөн бол донор болох) гэсэн хоёр зарчим байдаг бол Монгол Улс “Холимог” тогтолцоог сонгож авсан байна.

  • Хэрэв тухайн хүн амьд сэрүүндээ донор болох эсэхээ илэрхийлээгүй бол ар гэрийнх нь 3 хүртэлх гишүүний зөвшөөрлийг (бичгээр, дүрс болон дуу бичлэгээр) авч байж донор болгохоор хуульчилжээ.
  • Нэг амьгүй донор нь 8 хүний алтан амийг аврах боломжтой байдаг.

Эд, эрхтний наймаанаас сэргийлэх

Монгол Улс Стамбулын конвенцид нэгдсэн бөгөөд энэхүү хууль батлагдсанаар эрхтний хууль бус наймааны замыг хааж, олон улсын стандартад нийцсэн хяналтын тогтолцоо бүрдэх юм.

Амьгүй донорын ар гэрт үзүүлэх дэмжлэг

Хуулийн нэг чухал заалт нь бусдын амь насыг аврахаар эрхтнээ өгсөн “амьгүй донор”-ын ар гэрт үзүүлэх санхүүгийн тусламж юм.

  • Оршуулгын тэтгэмж: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг Засгийн газрын тусгай сангаас олгоно.
  • Одоогийн мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр (750,000 төгрөг) тооцвол ойролцоогоор 7.5-8 сая орчим төгрөгийг оршуулгын зардалд олгох бөгөөд энэ дүн нь цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдан нэмэгдэх юм.

 Салбарын хөгжил ба статистик

  • Монгол Улс эрхтэн шилжүүлэх мэс заслыг анх 1996 онд хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр 6 баг ажиллаж байна.
  • Дэлхийн 220 гаруй улсаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж чаддаг 93 улсын нэг нь Монгол Улс юм.
  • Жилд 8200 орчим хүн хавдраар оношлогдож, 3000 орчим хүн тархины цус харвалтаар нас бардаг манай улсын хувьд энэ хууль нь иргэдийн амь насыг аврахад маш том түлхэц болно гэж үзэж байна.

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn