Нүүдлийн хотын хүрээ шинжийг хадгалсан сүүлчийн голомт Гандангийн орчныг судалгаагүй устгаж байна

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн А бүсэд ганц гэр хорооллын бүс үлдсэн нь Гандантэгчинлэн хийдийг тойрсон Далхын дэнж дээрх бүс юм. Гэвч уг хэсгийг нийслэл хотын удирдлагын зүгээс хот дахь хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэр гаргаж, эхнээсээ хэрэгжүүлээд явж байгаа. Энэ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын түүхэн өвийг хамгаалах, иргэдэд таатай амьдрах орчин бүрдүүлэх зорилготой гэж дарга нар тайлбарлаж байгаа.

Нийслэл хотын удирдлагуудын мэдээлж байгаагаар Гандангийн дэнжийн 55 га газрыг 5-6 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр төлөвлөсөн аж. Уг төслийн хүрээнд ойролцоогоор 1800 өрхийг нүүлгэн шилжүүлэх ба газар чөлөөлөлтийг зах зээлийн үнэлгээнд тулгуурлан хийж байгаа гэв.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Гандан орчмын иргэдтэй уулзах үеэрээ “Гандан орчмыг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно. Газар чөлөөлөлтөөс татгалзсан айлуудтай дахин уулзаж, үнэлгээг нь нягталж ажиллана. Мөн иргэдэд мэдээллийг илүү нээлттэй, ойлгомжтой хүргэх тогтмол үйл ажиллагаатай мэдээллийн төв ажиллуулах шаардлагатай” хэмээсэн.

Хотын зүгээс Гандан орчимд цаашид шинэ барилга байгууламж барихгүй, шинээр газар эзэмшүүлэхгүй байх бодлого баримталж байгаа бөгөөд газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь энэ.

Төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл Гандангийн дэнж ирээдүйд Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болж, түүхэн дурсгал, соёлын орчин, орчин үеийн хот төлөвлөлтийг хослуулсан нийтийн орон зай болон хөгжих боломжтой гэнэ.

Тэгвэл Гандангийн дэнж нь зөвхөн суурьшлын бүс төдийгүй Улаанбаатар хотын түүхэн хөгжлийг илэрхийлсэн онцгой газар хэмээн судлаачид үгээ хэлж эхэлсэн. Судлаачдын үзэж байгаагаар энэ бүс нь манай нүүдлийн нийслэл хот Хүн чулууны хонхорт тогтож, байгуулагдсан үеийн хүрээний зохион байгуулалтын хэв маягийг хадгалж үлдсэн ховор жишээ болох газар юм.

Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Г.Очбаяр “Гандантэгчинлэн хийдийг суурьшлын бүстэй нь хамт хадгалан авч үлдэх шаардлагатай. Учир нь энэ дэнж бол Улаанбаатар хотын хүрээний зохион байгуулалт хадгалагдан үлдсэн цорын ганц газар. Хотын төвд үлдсэн хамгийн сүүлчийн гэр хорооллын нэг бөгөөд түүхэн орон зай гэдгээрээ онцлог” гэж сошиал дээр бичжээ.

Мөн МУИС-ийн түүхч, Ардын багш, ШУ-ны доктор Ж.Урангуа багш “Гандан орчмын гэр хорооллын талаар ярихдаа бид нэг зүйлийг мартаж болохгүй. Энэ бол зүгээр нэг “асуудал” биш, харин Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн үр дүн юм. Өнөөгийн Гандантэгчэнлин хийдийн үндэс суурь болсон “Их хот мандлын сүм” нь 1838 онд V Богд Жэвзүндамба хутагтын зарлигаар байгуулагдсан. Тэр цагаас хойш Гандангийн дэнж Хүрээ хотын идэвхтэй суурьшлын нэг бүс бүрэлдэн тогтсон юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Гандан орчмын суурьшил бол XIX зууны тэргүүн хагасаас эхтэй түүхэн хотжилтын давхарга юм.

ХХ зуунд социалист хот байгуулалтын бодлого Улаанбаатарыг төлөвлөгөөт хот болгохыг зорьсон ч, нөгөө талаар хөдөө-хотоос шилжилт хөдөлгөөн эрчимжиж, уламжлалт гэрт суурилсан амьдралын хэв маяг хотын захын бүсүүдэд хадгалагдан үлдсэн. Ингэснээр гэр хороолол нь зөвхөн дэд бүтцийн асуудал бус, нүүдэлчин соёл ба хотжилтын огтлолцлын үр дүн болсон.
Түүхчийн нүдээр бол ийм орон зайг буруутгах, дорд үзэх нь асуудлыг ойлгох арга биш. Харин хотын хөгжлийн үе шат, бодлогын алдаа, нийгмийн шилжилтийг түүхэн үүднээс нь ойлгож, ухаалгаар шинэчлэх нь чухал.
Хотын хөгжил гэдэг нь зөвхөн шинэ барилга байгууламж босгох үйл явц бус, мөн тухайн хотын түүхэн орон зай, суурьшлын уламжлал, нийгмийн давхаргыг ойлгож, уялдуулан хөгжүүлэх асуудал юм. Иймээс түүхэн суурьшлын орон зайг “айл байж болохгүй газар” хэмээн томьёолох нь хот байгуулалтын бодлогын асуудлыг хэт хялбарчилсан тайлбар болох бөгөөд хотын түүхэн хөгжлийн бодит логикийг бүрэн тусгаж чаддаггүй. Үүнийг ойлгох ухаан хотын удирдлагад үгүй бололтой!” гэжээ.

Энэ үүднээсээ Гандангийн дэнж нь зөвхөн сүм хийд архитектурын дурсгалт газар биш, манай нийслэл хотын соёл, амьдралын хэв маяг, уламжлалыг илтгэн харуулсан түүхэн газар юмаа. Энэ асуудлаар цөөнгүй иргэд, судлаачид эсэргүүцлээ илэрхийлсээр л байна.

Тэгэхээр Гандангийн дэнжийг чөлөөлөх асуудал нь зөвхөн 1800 айлын газар өмчлөлийн асуудал биш. Энэ нь хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, нийтийн эрх ашиг, түүх соёлын өвийг хамгаалах бодлоготой уялдсан томоохон шийдвэр байх ёстой юм.

Ирэх жилүүдэд энэ бүсийг зөв төлөвлөж, ногоон байгууламжтай, түүхэн үнэ цэнээ хадгалсан орчин болгон хөгжүүлэх ёстой. Түүнээс одоогийнх шиг бүх суурьшлыг нь үгүй болгож, манай хотын анхны өнгө төрхөөс түй ч үлдээхгүй  ногоон болгох шаардлагагүй баймаар. Нэг л их гадаадын улс хотуудаар жишээ авч ярьдагдаа манай дарга нар. Үнэндээ урд хөршийн нийслэл Бээжин ч юмуу түүхийн дурсгалт газруудаа, олон зууны өмнө баригдсан шавааралдсан хөх туйпуун тагзнуудаа бүгдийг нь буулгадаггүй, үзмэр мэт заримыг нь буулгадаг.

Үлдсэнийг нь сайхан тохижуулаад үлдээж, түүх, орчин үе, ногоон байгууламжаа хослуулан хөгжүүлдэг. Манайд бол хуучин бүхнийг хог, шороо, угаадас, өмхий самхайн үүр гээд бүгдийг нь буулгаад бетонон ширэнгэ эсэхүл ногоон байгууламж болгон гэдэг.

Энэ бүхнийг бодож нийт иргэдээсээ үгүй юм гэхэд хотынхоо түүх соёлыг судлаж ирсэн судлаачдаасаа ядаж асуугаад хөгжлийнх нь чиг баримжааг гаргаж баймаар юм. Түүнээс дарга нарын хувийн үзэмжээр шийдвэр гаргасаар эх түүхээ устгасаар байх уу.

О.Ганхуяг

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn