
Өмнө нь Засгийн газрыг олон нийт шүүмжилдэг байсан бол хамтарсан Засгийн газар өөрсдөдөө хир халдаахаа больсон. Харин томоохон аж ахуйн нэгжүүд, иргэд рүү сошиал сүлжээгээр дайрдаг болсон билээ. Үүний нэг жишээ сүүлийн үед MSC группийг Тавантолгойн бүлэг ордын Ухаа худагийг хууль бусаар авсан хэмээн дайрч буй. Удтал дуугүй байсан MSC группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал салбар комланийнхаа захиралд дараах тайлбарыг өгсөн нь сошиалд цацагджээ.
Ж.Одаргал “ Бид урдах ажлаа хийгээд явдаг хамт олон. Мэдээж сүүлийн үед зохион байгуулалттайгаар тодорхой цөөхөн хэдэн бүлэг үнэхээр манай компанийн нэр хүндийг харлуулах гэж зохион байгуулалтай хар пиар явууллаа л даа.
Бид нийгмийг талцуулж бужигнуулж хэрүүл хийхээс холхон байя, өдөөгөөд яахав гээд тэвчээртэй, хүлцэнгүй байгаад ирсэн. Сүүлдээ буруутай ч юм шиг ойлголт өгөх юм шиг байна. Үүн дээр харамсаж байгаа. Зохион байгуулалттай юмны эсрэг хэрүүл хийгээд байж чадахгүй, тэгэх сонирхол ч байхгүй өмнөх ажлаа хийгээд явж байгаа.
Гэхдээ энийг зөв зүйтэй, буруу гэж ялгаж салгах хүмүүс бол байгаа болов уу. Түүнд найдаад хэтэрхий хүлцэнгүй чимээгүй байсан байх.
15, 16 жилийн өмнө Засгийн газрын том ажлын хэсэг гарч дөрвөн сар хэлэлцээр хийж байж, стратегийн ордны хуулийн дагуу Ухаа худагийн лицензээ авсан. Бүгд ном дүрмээрээ хийгдсэн. Ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Өнөөдрийн энэ Таван толгойд ажиллаж байгаа ордууд нь төрдөө өгсөн 5 лиценз буюу нийт ордынх нь 96 хувь нь. Энэ бүхэн ном дүрмийнх нь дагуу учраас санаа зовохгүй байгаа. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд хууль номын дагуу хандив өгсөн.
Биднийг жагсаал зохион байгуулж, троллын арми ажиллуулдаг гэсэн. Яасан ч их завтай юм, огт хийж байгаагүй юмыг хийдэг болгож арай л дэндүү гүтгэж байна.
Гашуун сухайтын төмөр замын Засгийн газрын хэлэлцээрийг хүртэл эсэргүүцэж, нураах гэж байна гэсэн байсан. Хүмүүс мэдэж байгаа даа. Бид 15 жил төмөр зам ороосой билээ л гэж хүсч ирсэн. Энэ Засгийн газрын хийж байгаа хэлэлцээрүүд маш чухал. Илүү хийгдээд батлагдаад төмөр зам холбогдоосой гэж хүсч байгаа. Төр засаг тогтвортой байж бидний эдийн засаг, улс хөгжих ёстой. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг ч татах ёстой.
Мөн Ухаа худгийг эзэмшигч “Энержи ресурс” ын толгой компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр байгаа. Энд бас Америкийн том том хөрөнгө оруулалтын сан хүртэл хөрөнгө оруулсан. Манай Эм Си Эс компани бол 37 хувь, үлдсэн 63 хувь нь олон улсын том хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Тэгэж олон улсын зах зээлээс мөнгө босгож байж, хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг татаж байж хоосон говь дээр цахилгаан станц, угаах баяжуулах үйлдвэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө татаж хийдэг. Энэ бүхнийг харлуулах гэсэн ийм мэдээлэлд итгэх хэрэггүй. Энэ талаар битгий санаа зовоорой. Хуулийн байгууллага шалгуулна. Шалгуулах ёстой гэж үзэж байгаа. Хууль дүрмийн дагуу ажиллаж байгаа учраас санаа зоволтгүй. Та бүхэн сайхан шинэлээрэй. Сайхан баярлаарай” гэжээ.