Сөрөг хүчний ажлаа хийх ёстой АН-ыг дотоод хэрүүл, зодоон дахин нэрвэв

Өнгөрсөн 7 хоногийн сүүлийн өдрүүдэд улстөр буцаллаа. Эрх баригч намын Нийслэлийн намын хороо хуралдаж, Засаг дарга Б.Пүрэвдагвыг намын хорооны даргаараа томилсон.

Гэтэл сөрөг хүчин АН-д ахин тодорхойгүй, хоорондын тэмцлийг өдөөсөн хэрэг явдлуудаар дүүрэн өнгөрлөө. Уг нь эрх баригч МАН-ынхан толхилцож байгаа дээр сөрөг хүчний хувьд АН өдийд ажиллаж байх ёстой. Гэвч тэд эрх баригчидтай бус хоорондоо хэн нь хэнийгээ үзэлцэх нь илүү чухал бололтой.

Учир нь өнгөрсөн Баасан гаригийн орой АН-ын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огцруулах санал гаргаж намын дарга О.Цогтгэрэлдээ хүргэж байгаагаа мэдэгдэв. ХЕХ нь 15 гишүүнтэй ба 13 нь тус хуралдаа оролцсон учир уг санал хүчинтэй аж.

Гэвч АН-ын ХЕХ-ны гишүүн Увсын АН-ын гишүүн Цэндсүрэн “уг хурлаар намын Үндсэн дүрмийг зөрчлөө. Генсекийг Үндэсний бодлогын хороо томилж бас огцруулдаг” хэмээн эсэргүүцэж. Энэхүү С.Баярцогтыг огцруулах асуудлыг Женко, Зика нарын хүмүүс хүч түрэн хийсэн гэж мэдэгдлээ. Мөн Э.Бат-Үүл баатар ч мөн түүнтэй утга ижил мэдэгдэл хийсэн. Харин С.Баярцогт өөрийг нь огцруулах асуудал явж байх үед БНСУ-ын Сөүл хотноо Олон улсын улстөрийн намуудын хуралд намаа төлөөлөөд оролцож явсан аж.

Ийнхүү С.Баярцогтыг огцруулах, эсэх асуудлаар хоёр талцсан энэ хэрүүл дундуур дараагийн нэг хэрүүлийн алим өнхөрч эхэллээ. Тэр нь 11 дүгээр сарын 14-нд АН-ын Онц Их хурлыг зохион байгуулна. Өглөө 09 цагаас Соёлын Төв өргөөнд болно хэмээн зарлалаа.

Тэрхүү зар нв ийм утгатай

“АРДЧИЛСАН НАМЫН ОНЦ ИХ ХУРАЛ

Ардчилсан намын Онц Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид та бүхнийг Онц Их Хуралдаа хүрэлцэн ирж, үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэхийг урьж байна!

Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 14, Бямба гараг

Цаг:09:00

Хаана: Соёлын төв өргөө, Улаанбаатар хот

Хуралд оролцогчид үндэсний дээлтэй хүрэлцэн ирнэ үү.**

Ардчилсан намын Онц Их Хурлын зохион байгуулах ажлын хэсэг” хэмээсэн байна.

Харин АН үүнийг хуурамч хэмээн төөрөлдөхгүй байхыг хүсч мэдэгдэл гаргаснаа өчигдөр олон нийтэд болон намын гишүүддээ хүргээд байна.

“МЭДЭГДЭЛ

Ардчилсан намын Онц их хурал 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдана гэх мэдээлэл нь албан ёсны бус болохыг мэдэгдэж байна.

Намын төв байгууллагуудаас Онц их хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй бөгөөд уг хурлыг Ардчилсан намаас зарлаагүй болно.

Иймд намын гишүүд, дэмжигчид та бүхэн баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Ардчилсан нам”

Гэвч АН-ын Онц Их хурал хийнэ гэсэн нөхдүүд зараа хаа сайгүй тарааж, фейсбүүкт пэйж хуудас нээгээд байна.

Ер нь АН-д Онц их хурал байнга зарлагдаж хийгдэж байдаг нь гэм биш зан мэт болжээ. Энэ оны 4 дүгээр сарын 9-нд АН-ын ҮБХ-ны 68 дугаар хурал Төрийн ордонд болсон. Гэтэл Соёлын Төв өргөөнд АН-ын зарим гишүүд Онц Их хурал хуралдуулж О.Цогтгэрэл даргыгаа “огцруулж” байсан удаатай. Гэхдээ сүүлийн хурал мэдээж хүчингүй байсан.

Тэгвэл энэ удаа тэрхүү Онц их хурал хуралдуулж байсан нөхдүүд дахин Онц их хурал зарлаад байна. Тус хурлыг генерал Б.Хурц тэргүүтэн зарласан сурагтай. Уг хурлыг албан ёсны бус болохыг АН-аас мэдэгдээд байна.

 О.Хуяг

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn