Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хурлын дараа тус бүлгийн удирдлага хэвлэлийн ээлжит хурлаа хийсэн. Энэ үеэр АН-ын Бүлгийн дарга Б.Түвшин дараах мэдээллийг өгсөн.

Б.Түвшин: “АН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр нь намын дүрмийг дагаагүй, Үндэсний бодлогын хорооны эрх мэдэл рүү халдсан шийдвэр. Тиймээс үүнийг ҮБХ-гоор хэлэлцэнэ. АН-ын Онц их хурлыг намын дарга болон ҮБХ-ноос зарлаагүй.

Мөн намын ерөнхий нарийн бичгийг огцруулах эрх мэдэл ҮБХ-нд байдаг. Намын Хяналтын ерөнхий хороо нь ҮБХ-ны гаргадаг шийдвэрт хөндлөнгөөс оролцож байгаа нь дүрэм зөрчиж байгаа явдал юм.

Намын зүгээс Хяналтын ерөнхий хорооны шийдвэр албан бичгээр ирсний дараа холбогдох байгууллагууд хуралдаж шийдвэрээ гаргана. Өнөөдөр бол олон нийтэд мэдээлсэн мэдээллийн хүрээнд л хариулт өгч байна” гэлээ.