Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа “Туулын хурдны зам”-ын хэрэгт хамжигч, зохион байгуулагчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татах саналыг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас есдүгээр сард гаргасан байдаг. Улмаар АТГ-ын саналын дагуу Нийслэлийн прокурорын газар есдүгээр сарын 20-нд холбогдох тогтоолыг баталсан боловч тэрээр тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө хил давжээ.
Тогтоолыг танилцуулахаар оршин суугаа хаяг, холбоо барих утас, өмгөөлөгч, төлөөлөгчөөр нь хандсан ч олдоогүй бөгөөд одоогийн байршил тодорхойгүй байна. Иймд мөрдөгчид энэ сарын дундуур дахин прокурорт хандаж, олон улсад эрэн сурвалжлуулах санал хүргүүлээд байна. Прокурор саналыг зөвшөөрч, Интерполын Монголын товчоогоор дамжуулан хүсэлтийг Интерполын дээд байгууллагад хүргүүлжээ.
