Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны аравдугаар сарын 23-нд болж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэсэн.
Энэ тухай асуудлын талаар Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Н.Учрал “Ногдол ашгийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ эцэслэн тохиролцож, Монгол Улс хуулиараа баталгаажуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөвт “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг тодорхой дүнгээр тусгаж, юунд зарцуулахыг нь орлого, зарлагын төлөвлөгөөнд суулган батлуулах замаар хуулийн шаардлага тавихыг зорьсон. Энэ бол зүй ёсны шаардлага юм.
Хэлэлцээрээр ногдол ашгийн асуудлаар тохиролцоонд хүрсэн учраас үүнийг УИХ-аар албажуулж, хуулиар эцэслэн баталгаажуулах ёстой гэж үзсэн.
УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд “Оюу толгой” компаниас орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулахаар тусгасан. Харин үлдсэн хоёр их наяд төгрөгөөр олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадаагүй эрчим хүч, дулааны дэд бүтцийн асуудлыг шийдэхээр төлөвлөсөн.
Тухайлбал, Дулааны цахилгаан станц-6-г ДЦС-3-ын хажууд барьж байгуулах, төслийн санхүүжилтийн 30-50 хувийг “Оюу толгой” компанийн ногдол ашгаас гаргах санал боловсруулсан. Мөн төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох өгөөжийг “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаатай адил зарчмаар иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх хувилбарыг дэвшүүлсэн.
Боловсролын салбарт ч хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулах, нүүрс болон бусад түлшээр ажилладаг уурын зуухтай сургуулиудыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх, ногоон сургуулийн дэд бүтцийг шийдэх зэрэг төслүүдийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Гэвч УИХ-ын зургаан байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хэлэлцүүлгийн дараа нийт 235 санал гарсан. Эдгээр саналын зарим нь Засгийн газрын анхны бодлого, төлөвлөгөөтэй нийцэхгүй, төсвийн төслийн үндсэн агуулгыг өөрчлөхөөр байсан. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийн асуудлаар хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрсний дараа УИХ-аар албажуулах шатанд олон тооны нэмэлт санал гарсан нь Засгийн газрын бодлоготой зөрчилдсөн гэж үзэж байна. Иймээс өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хуулийн төслийг татан авч байна.
Үүнтэй холбоотойгоор E-Mongolia системээр явуулсан иргэдийн санал асуулгын дүнг харсан. Нийт 106 мянган иргэн санал өгснөөс 57 хувь нь Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулахыг дэмжсэн бол 27 хувь нь хуримтлалын санд хадгалах санал өгсөн байна. Харин төслийн санхүүжилтийг юунд зарцуулах талаар асуухад 50.5 хувь нь эрчим хүчний салбарыг сонгожээ. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэдийн саналыг хүндэтгэж, ногдол ашгийг Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах хувилбарыг сонгон, хуулийн төслийг татан авч байна. Энэ нь ногдол ашиг авах асуудлыг орхигдуулж байгаа гэсэн үг огт биш. Ногдол ашиг авах асуудлаар харилцан тохиролцсон. Одоо ногдол ашгийн хэмжээг эцэслэн тохирч, орж ирэх хөрөнгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэн, түүгээр дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна.
Харин хоёр их наяд төгрөгөөр эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх төлөвлөгөө энэ удаад хэрэгжихгүй болж байна. УИХ-ын гишүүдийн тойрог, сум, аймагтаа хэрэгжүүлэхээр санал болгосон бусад төслүүд ч анхны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нөхцөл болсон. Иргэдийн хувьд 2030 оноос эхлэн хуульд заасан нөхцөлийн дагуу хуримтлалаа ашиглах эрх үүсэх асуудал бий.
Тиймээс ногдол ашгийг шууд бэлэн мөнгөөр авах боломжийг бүрдүүлэхийн тулд Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудал ч хөндөгдөж байна.
Одоогийн хуулийн хүрээнд иргэдээс санал авахдаа ногдол ашгийг шууд дансанд нь шилжүүлэх эсэхийг асуух боломжгүй. Хуулиар үндсэндээ хоёр сонголт байгаа. Нэгдүгээрт, хөрөнгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах. Хоёрдугаарт, хуримтлалын санд хадгалах.
Эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглана гэдэг нь хуримтлагдсан хөрөнгийг тухайн зориулалтаар нь зарцуулах боломж бүрдүүлнэ гэсэн үг. Тухайлбал, орон сууцны санхүүжилтийн хүрээнд хуримтлалын хөрөнгийн тодорхой хэсгийг ипотекийн зээлд ашиглаж, эргэн төлөлтөөр дамжуулан хөрөнгийг эргэлтэд оруулж болно. Үүнтэй адил боловсролын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, эм, эмчилгээний зардалд зориулан ашиглах эрх зүйн зохицуулалт бий болгох боломжтой.
Ингэхдээ хөрөнгийг зөвхөн тухайн зориулалтаар ашиглах нөхцөл тавьж, тодорхой хугацаанд ашиглах эрхийг нээх замаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх, инфляц нэмэгдүүлэх эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Хэрэв ногдол ашгийг иргэдэд шууд бэлэн мөнгөөр тараах хувилбарыг сонговол хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Засгийн газрын хувьд ногдол ашгийн асуудлыг албажуулж, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэхийн зэрэгцээ Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна.
Ногдол ашгийг 17 жилийн дараа авчрах асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газар нь манай Засгийн газар. Харин хөрөнгийг хэрхэн зарцуулахыг УИХ шийдэх учиртай. Гэтэл анх өргөн мэдүүлсэн төсөлд олон тооны өөрчлөлт оруулах санал гарч, Засгийн газрын бодлогоос өөр чиглэл рүү хэлбийх нөхцөл үүссэн. Тиймээс Засгийн газар бодлоготойгоо нийцэхгүй гэж үзэн хуулийн төслийг татан авч, Баялгийн сангийн тухай хуулийн дагуу хөрөнгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх хувилбарыг сонголоо.
Гэхдээ энэ нөхцөл байдал хэлэлцээрийн стратегид сөргөөр нөлөөлөх талтай. Монгол Улс хуультай орон учраас ногдол ашгийн хэмжээг УИХ-аар баталгаажуулж чадсан бол цаашдын хэлэлцээрт тодорхой дүнгээр шаардлага тавих боломжтой байлаа. Өөрөөр хэлбэл, “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага ийм хэмжээний ногдол ашиг авахаар шийдвэрлэсэн” гэж хэлэлцээрийн ширээний ард тавих боломж бүрдэх байсан.
Одоо талууд санхүүгийн загвар, тооцоололд үндэслэн хэлэлцээр хийж байгаа бөгөөд Сангийн яамны зүгээс гурван их наяд төгрөгөөс өндөр дүнгээр тохиролцох шахалт үзүүлж байгаа. Нөгөө тал ч өөрийн байр сууринаас дүнг бууруулахыг зорих нь ойлгомжтой. Харин гурван их наяд төгрөгийг УИХ-аар хуульчлан баталгаажуулсан бол энэ нь хэлэлцээрт баримтлах бодитой, хатуу суурь болох байлаа.
Гурван их наяд төгрөг гэдэг нь гэнэт гаргаж ирсэн тоо биш. Хоёр талын санхүүгийн тооцоолол, харилцан тохиролцож болох боломжит хэмжээнд үндэслэн санал болгосон дүн юм. Хэт өндөр ч биш, хэт бага ч биш гэж үзэн төсөлд тусгасан.
Гэсэн ч нэг чухал зүйл бий. “Оюу толгой”-н ногдол ашгийг 17 жилийн турш авч чадаагүй, 2037 оноос нааш энэ асуудлыг хөндөх боломжгүй байсан нөхцөлд ногдол ашиг авах шинэ боломж, гарцыг нээж чадсан нь чухал үйл явдал юм. Цаашид жил бүр энэ асуудлаар хэлэлцээр хийж, ногдол ашгийн хэмжээг ярилцах замаар Монгол Улс болон ирээдүй хойч үедээ баялгийн өгөөжийг хүртээх боломж бүрдэж байна.
Энэ боломжийг нээсэн үед нь зөв зохистой ашиглаж, шийдвэрээ нэг мөр болгосон бол эрчим хүчний тулгамдсан асуудлыг шийдэхэд ихээхэн ач холбогдолтой байх байлаа. Харамсалтай нь, одоогийн нөхцөлд “Оюу толгой”-н ногдол ашгаар эрчим хүчний асуудлаа шийдэх төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болж байна” хэмээсэн.
