Годронгоос гадна боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус нутгийн зүүн баруун хэсэгт гарчээ

Монгол улсад энэ жил малын янз бүрийн халдварт өвчин цөөнгүй гарч байна. Үндэсний статистикийн хорооны оны эхний есөн сарын мэдээллээс үзэхэд улсын хэмжээнд шүлхий, боом, ямааны годрон зэрэг малын гоц халдварт өвчний нийт 115 тохиолдол бүртгэгдээд байна.

Олон нийт хавьд сонсоогүй ямааны годрон хэмээх өвчин хоёр аймгийн хэдэн сумдад гарч олон малчны хотыг харлуулаад байна.

Тэгвэл мал эмнэлгийн түүхэнд анх удаа бүртгэгдсэн шүлхийн шинэ төрлийн вирус болон малаас халдварласан боомын тохиолдлууд био-аюулгүй байдалд том аюул заналыг учруулж эхэлсэн гэнэ.

Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн шүлхий өвчний “SAT-1” хэвшлийн шинэ төрлийн вирус нь баруун болон зүүн бүсийг дамнан хоёр үе шаттайгаар маш хурдацтай дэгдэж, богино хугацаанд нийт 6,000 гаруй толгой малыг өвчлүүлжээ. Дэгдэлтийн эхний үе шат 2026 оны тавдугаар сараас эхлэн баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн Алтай, Ховд аймгийн Булган, Үенч сумдын нутгийг хамран гарч, тухайн голомтуудад нийт 4,075 толгой мал өвчилсөн байна.

Тус хоёр аймгийн дөрвөн суманд бүртгэгдсэн идэвхтэй голомтод 2,632 толгой мал өвчилж, цаашид халдвар тархахаас сэргийлэх үүднээс 6000 гаруй толгой малыг яаралтай устгалд оруулжээ.

Улмаар халдварын тархалтыг зогсоохын тулд эхний ээлжид үхрийн тунгаар тооцсон 1.6 сая тун вакцин хүлээн авсан нь бог малд хөрвүүлбэл 3.3 сая орчим толгой малыг вакцинжуулах боломжийг олгосон бөгөөд нийтдээ 2.5 сая гаруй малыг яаралтай дархлаажуулсны хүчинд долдугаар сарын эхээр баруун бүсийн тархалтыг хумьжээ.

Баруун бүсийн аюулыг намжааж амжаагүй байтал наймдугаар сарын сүүлээр зүүн бүсийн Дорнод болон Сүхбаатар аймгуудад “SAT-1” хэвшлийн халдвар дахин бүртгэгдэж, хоёрдугаар үе шатны дэгдэлт эхэлжээ. Энэхүү зүүн бүсийн дэгдэлтийн хүрээнд Дорнод аймагт 1879, Сүхбаатар аймагт 213, нийт 2192 толгой мал нэмж өвчилсөн байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд ч оны эхний есөн сарын байдлаар шүлхийн нийт 89 тохиолдол албан ёсоор тэмдэглэгдсэн нь 2024 онд 0, 2025 онд 15 тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулахад халдварын идэвхжил хэд дахин огцом өссөнийг харуулж байгаа юм.

Шүлхийн хажуугаар малын боом өвчний идэвхтэй голомтууд олноор бүртгэгдэж, мал эмнэлгийн салбарынхныг төдийгүй нийгмийн эрүүл мэндийг түгшээж байгаа аж. Оны эхний есөн сард боом өвчний 10 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүний улмаас малаас хүнд халдвар дамжсан ноцтой тохиолдлууд ч гарчээ. 2026 оны 6-8 дугаар сард Увс аймгийн Тэс, Өндөрхангай сумдад боом өвчний улмаас үхсэн хониноос хүнд халдварласан тохиолдлууд илэрч, орон нутгийн хэмжээнд хязгаарлалтын дэглэм тогтоон, яаралтай хариу арга хэмжээ авч ажилласан байна.

Харин гоц халдварт өвчний хувьд харьцангуй өөр өөр дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, хонины цэцэг өвчин 2023 онд 52 тохиолдол хүрч оргилдоо хүрч байсан бол 2024 онд 48, 2025 онд 12 болон буурсаар энэ оны эхний есөн сард зургаан тохиолдол бүртгэгдсэн нь халдварын эрч саарсныг харуулж байна.

Сүүлийн хоёр жил огт бүртгэгдээгүй байсан ямааны годрон өвчин энэ оны эхний есөн сард дөрвөн тохиолдол болон дахин сэргэсэн бол бусад төрлийн халдварт өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ. Харин галзуу өвчний хувьд сүүлийн хоёр жил дараалан буюу 2025 он болон 2026 оны эхний есөн сард улсын хэмжээнд халдварын тохиолдол гараагүй байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn