Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид энэ сарын хоёрноос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн билээ.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй нөхдүүдийг шалгаж эхэлсэн. Тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн билээ.
Тиймээс ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг саатуулсан бөгөөд шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шүүхэд С.Молор-Эрдэнийн цагдан хориог цуцлуулах хүсэлт ирсэн тул өнөөдөр 14.00 цагаас хэлэлцээд, С.Молор-Эрдэнийг суллах үндэслэлгүй гэж үзэн, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэв.
