Өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн улс төрийн асуудал болон татварын шинэчлэлийн бодлогын талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
О.Цогтгэрэл даваа гаригт АН-ын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
Харин өнөөдөр О.Цогтгэрэл “Ардчилсан нам эрх баригчдад шаардлага тавих үүрэг бүхий улс төрийн хүчний хувьд Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ардын хүүхдийн амь нас яагаад авлигач Засгийн газарт хямдхан үнэлэгдэх ёстой вэ гэдэг асуудал үүний цаана байгаа. Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохгүй гэсэн учраас өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой.
Энэ асуудлаас гадна нэмэлт хоёр үндэслэл хэлье. МАН-ынхан өөрсдөө өдөр тутам гарч бие биеэ уудалж байсан асар том авлигын асуудал хаачив. Албан тушаалын наймаа хийгээд авлигын асуудлаа тохироод зогсож байгаа байдал нь энэ үү. 110 сая ам.долларын эзэн биетэй хулгай, Бортээгийн нүүрсний орд гэж асар том мөнгөн дүнтэй хулгай, 20 сая ам.доллар бүхий мөнгөн баримттай хулгай хаачсан бэ.
Ерөнхий сайд ард түмний өмнө хуулийн хэрэгжилт, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хариуцдаг. Авлигатай тэмцэх газрын даргын томилгооноос эхлүүлээд олон чиг үүрэг бий. Н.Учралын авлигатай тэмцэх хоосон амлалт сүржин амлалт болоод дуусаж байгаа нь хариуцлага тооцох гол үндэслэлийн нэг. Бүлгийн 100 хувийн шийдвэр гарсан. Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах албан бичигт Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн гарын үсгээ зурна.
Яг одоо манай улсын эдийн засаг, үнийн өсөлт халуунтай байгаа. Амьд организмын халуурлын цаана үрэвсэл байдаг. Үрэвслийн үндсэн шалтгааныг эмчлэхгүйгээр халууны эм уугаад явж буй нөхцөл байдалтай байна” гэсэн.
Гаалийн татвар таван хувь болох ёстой. Гаалийн татвар 0-40 хувь байгааг таван хувь болгоно. Хүн амын орлогын албан татвар дотроос цалингийн албан татварыг дээд хэмжээндээ таван хувиас хэтрэхгүй байх ёстой. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой ногдол ашгаа авч шинээр хөрөнгө оруулах ёстой татварыг таван хувь болгох хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.
