Одоохондоо У.Хүрэлсүхийн хүмүүс л “Эрдэнэт”-ийг удирдана

Монгол Улсыг тэжээдэг гол салбарын нэгдүгээрт нь уул уурхай орсоор 30 гаран жил болсон. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсан анх “Алт хөтөлбөр” –ийг гаргаж ирснээс хойш гэсэн үг.

Дараагийн Ерөнхийлөгч Н.Багабанди “Эрдэнэт”-ийн захирал агсан Ш.Отгонбилэгтэй найз байсан учраас АХЭ-ийн гурав дахь Засгийн газрыг томилуулахгүй хагас жил болж байж билээ. Тэр хооронд нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн.

Н.Багабандид “ивээгдэж” АХЭ-ийн 3 дахь Засгийн газрын Ерөнхий сайд болсон Ж.Наранцацралт агсаны будлиантай захидал бас л “Эрдэнэт”-тэй холбоотой. Уг захидлын учир одоо ч тайлагдаагүй. Үүнээс болж Засгийн газар бас л огцорсон.

Н.Багабандид “урт шар дээлт” гэгдсээр түүнийг залгамжлан Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр ч “Эрдэнэт”-д симпаттай нэгэн байлаа. Бараг л сар бүр –Эрдэнэт- рүү нисч очдог байсан гэдэг.

Түүний дараах Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бол “Эрдэнэт”-ийг “сүүтэй үнээ” биш эмчилгээ тэжээлийн төвд очих болсон “турж үхэхээ шахсан хөгшин үнээ” болсон учир 49 хувийг нь авсан ХХБ-д өг хэмээн УИХ-ын танхимд даналзаж байж билээ.

Элбэгээгээс халаа авсан “Женко” хэмээх Х.Баттулга ч “Эрдэнэт”-ийн талаар бага дуугарч, экс жолоочийнхоо /сахал хэмээх Д.Эрдэнэбилэг/ тус үйлдвэрийг авсан тухай дуугарахгүй явсаар эдүгээд хүрч ирсэн байдаг.

Энэ цагт байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч өмнөх нөхдүүдээс юу дутах билээ. Өөрийн андуудаа “Эрдэнэт”-ийн захирлаар сэлгэн суулгаж байх шиг.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан Г.Ёндонг 2022 оны 8-р сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилсон. Г.Ёндон уулын маркщейдер инженер хэмээх мэргэжлийн хүн гэлээ ч Ерөнхийлөгчийн найз гэдэг нь томилогдох хамгийн том нөхцөл байсан нь ойлгомжтой.

Г.Ёндон эдүгээ “Эрдэнэт”ийн захирлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаснаар дараагийн захирлаар хэнийг томилох тухай яригдаж байгаа сурагтай. Г.Ёндон 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, тэгээд ч Элчин сайдын суудал авах тохироотой гэлцэж байна.

“Эрдэнэт”-ийн захирлын суудлыг олон хүн мөрөөдөж байгаа ч тэдэн дунд Б.Цэнгэл хамгийн дээр нь яваа гэнэ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найзуудын нэг.

У.Хүрэлсүх Монголын тэжээгч болох “сүүтэй үнээ” “Эрдэнэт” үйлдвэрт өөрийн хүн Б.Цэнгэлийг тавьж сүр хүчээ дахин нэг харуулна гэдэгт итгэх хүмүүс л олон байна.

“Эрдэнэт”ийн захирлыг томилох ёстой толгой компани болох ”Эрдэнэс Монгол”-ын захирал Б.Даваадалай болон ТУЗ-ийн гишүүд уг нь томилгоог хийх ёстой ч манайд тогтсон нөгөө “эцгийн эрхэт ёс” гээчээр бол У.Хүрэлсүхийн эрх ашиг анхдагч байгааг ахин харуулах бизээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn