Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр болж, шийдвэрээ танилцуулаад байна.
Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноосон юм. Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүхээс дүгнэж, 13 жилийн хорих ял оноожээ. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, шүүхээс Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарыг 2024 оны есдүгээр сарын 19-нд анх авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорих арга хэмжээ авч байсан байдаг. Өчигдөр шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Агиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарын 11 хүнийг Эрүүгийн хэргийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1 зүйлээр шүүсэн. Улмаар тэдэнд торгох ялаас эхлүүлэн 2-13 жилийн хорих ял өгсөн аж.
Шүүхээс 13 жилийн ял аваад буй Л.Бямбасүрэнг Засгийн газрын хуралдаанаар 2020 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилсон. Өмнө нь 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан.
- 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
- 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
- 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
- 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
- 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
- 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
- 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
- 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
Шүүгдэгч Л.Бямбасүрэнг эрүүгийн хуулийн 22.4-3-д зааснаар улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд их хэмжээний хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3-д зааснаар албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг урвуулан ашиглаж энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлсэн, түүний эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэм буруутайд тооцжээ.
Л.Бямбасүрэнг эрүүгийн хуулийн 22.4-3-д зааснаар нийтийн албан ажиллах эрхийг бүх насаар хасаж, 12 жилийн хугацаагаар хорих ял, эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Мөн шүүхийн шийтгэх тогтоол гардаж авснаас хойш шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэжээ.
