ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст нийт 34,227 га газар ашиглуулах зөвшөөрөл өгсөн байна” хэмээн мэдэгдсэн. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад өгч байгаагаа ч зарласан.
Тэгвэл уг асуудлаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх асан Д.Амгаланбаатар ч байр сууриа илэрхийлжээ.
Б.ТУЛГА: ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН Б.ЭНХБАЯРЫГ ШҮҮХЭД ӨГНӨ
МЭДЭГДЭЛ
2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдсэн хуралдааны нэр барин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт худал, улс төрийн зорилготой, ноцтой гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийлээ. Тэрээр улсын дархан хилийн бүсийн 34 мянган га газрыг тухайн үеийн Ерөнхий сайд болон холбогдох сайд нар хууль зөрчин ашиглуулах зөвшөөрөл олгосон мэтээр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд миний нэрийг удаа дараа дурдсан тул Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүний хувьд албан ёсоор дараах байр суурийг илэрхийлж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Улсын Их Хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн чухал хэсэг болох Боомтын сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, экспорт, логистикийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хоёрдугаарт, “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, хилийн бүс дэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу баталсан. Энэ нь хувийн компанид газар “бэлэглэсэн” асуудал огт биш, харин төрийн өмчид төвлөрүүлэн, зохион байгуулалттай хөгжүүлэх бодлогын арга хэмжээ байсан.
Гуравдугаарт, дархан хилийн бүсийн газрыг хууль бусаар олгосон гэх мэдэгдэл нь үндэслэлгүй, улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд төрийн бодлогыг зориудаар гуйвуулсан үйлдэл гэж үзэж байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхээр хэрэгжүүлж байсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамгийн үр дүнтэй, бодит өгөөжөө өгсөн чиглэл нь “Боомтын сэргэлт” юм. Үүнийг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд бэлхнээ нотолж байна. Боомтуудын нэвтрүүлэх чадавхыг сайжруулж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр экспорт, импортын хэмжээ өсөж, улсын төсвийн орлого эрс нэмэгдсэн.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга миний бие ажиллаж байсан хэдий ч тус хорооноос гарах шийдвэрийг ганцаарчлан гаргадаггүй. Тус хороо нь Монгол Улсын Засгын газрын 12 гишүүд болон хууль, хяналтын зэрэг байгууллагуудын төлөөлөл нийт 22 хүнээс бүрддэг бөгөөд асуудлыг хуралдааны үндсэн дээр хэлэлцэн, хамтын шийдвэр гаргадаг.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил бүр хуулийн дагуу байснаас гадна Монгол Улсад үр өгөөжтэй шийдвэрүүд байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Төрийн албан тушаалтан хүн олон нийтэд мэдээлэл хийхдээ баримтад тулгуурлах үүрэгтэй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд үндэслэлгүйгээр, баримт нотолгоогүйгээр бүхий хүмүүсийг хууль зөрчсөн мэтээр олон нийтэд зарлаж байгаа нь өөрөө хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэл болно. “Дархан хилийн аюулгүй байдал” гэх үгийг улс төрийн зорилгоор хэн нэгийг харлуулах халхавч болгон ашиглаж, боомтын хөгжлийн бодлогыг сааруулах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцлагагүй, худал ташаа мэдээлэл тараасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хууль зүйн хариуцлага тооцуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга” гэжээ.
Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх Д.Амгаланбаатар:
Сүүлийн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хилийн зурвас газарт хууль бус шийдвэр гаргасан гэх агуулгатай мэдэгдэл гарч, олон нийтийн дунд маргаан үүсээд байна.
Гэхдээ асуудлыг бодит баримтад тулгуурлан тайлбарлах нь зүйтэй.
- Тухайн шийдвэр нь нэг хүний бие даасан шийдвэр биш, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдсан асуудал.
Засгийн газрын хуралдаанд орох бүх асуудлыг тухайн үед бүх сайд нараас санал авч, ХЗДХЯ, СЯ-наас зөвшөөрөл авч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ) хянаж, хууль, журмын хүрээнд бэлтгэдэг тогтолцоотой.
- Тухайн үед Засгийн газрын хуралдаанд бусад сайд нар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бол хэлэлцэхгүйгээр батлаад явдаг. Тухайн үеийн Засгийн газарт ажиллаж байсан зарим сайд нар одоогийн Засгийн газарт ч ажиллаж байна.
- Хилийн зурвас газрыг хувийн компанид шууд олгосон асуудал байхгүй.Боомтын сэргэлтийн хүрээнд, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний хороонд эрх олгосон асуудал байсан.
- Монгол Улс бол экспортод түшиглэсэн эдийн засагтай улс. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх нь стратегийн зайлшгүй шаардлага.Асуудлыг нэг хүний нэр дээр улс төржүүлэн тайлбарлахын оронд тухайн үеийн шийдвэрийн зорилго, эдийн засгийн үндэслэл, институцийн хариуцлагын хүрээнд авч үзэх нь бодитой байр суурь юм. Боомтоо хөгжүүлэхгүйгээр экспортоо нэмэгдүүлэх боломжгүй. Экспорт нэмэгдэхгүйгээр эдийн засаг тэлэх боломжгүй.
Харин уг асуудлыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол түүнийг хуулийн байгууллагаар шалгуулж, баримтаар тогтоох ёстой. Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлийн бага хурал дээр тодорхой хүнийг үндэслэлгүйгээр буруутгаж, гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд зарлах нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй. Аливаа хэн ч гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог.
Институцийн маргааныг улс төрийн мэдэгдлээр шийдэх ёсгүй.
Асуудал байвал — шалгуул.
Баримт байвал — ил болго.
Харин үндэслэлгүйгээр нэр хүндэд халдах нь өөрөө хууль, шударга ёсны зарчимд харш.
Иймээс асуудлыг улстөржилгүй, баримтад тулгуурлан, тогтолцооны хүрээнд дүгнэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
