Утааны голомт дунд Улаанбаатар хотын анхны эко орон сууц баригдав

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн утааны голомтод Улаанбаатар хотын анхны ногоон орон сууц ашиглалтад оржээ. Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар, Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нар очиж, нээлтийг хийжээ.

Эрчим хүчний хэмнэлттэй шийдэлтэй, дулаан алдагдлыг багасгасан, явган болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цогц орчныг бүрдүүлсэн ийм эко орон сууцыг гэр хорооллын бүсэд нийт 10 000  айлынхыг барихаар аль 2018 онд Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпароци, Улаанбаатар хотын захиргаа санамж бичиг байгуулжээ.

Гэвч өчигдөр анхны 110 айлын орон сууцны нээлтийг хийхдээ хотын дарга Х.Нямбаатар нийт 5000 айлын ийм орон сууц барина гэж мэдээлэв. Өөрөөр хэлбэл, анхны 10 мянган айлын орон сууц 5000 болж, хоёр дахин цөөрчээ.

Анхны тохиролцоогоор бол гэр хорооллын утаа, тоос, хог хаягдлыг бууруулах , тэнд эко орчин бүрдүүлэх зорилготой уг төсөлд  АХБ, Улаанбаатар хотын захиргаа,  Хөгжлийн банк, Уур амьсгалын Ногоон  сангаас нийт  350 сая орчим ам.долларын буцалтгүй тусламж, зээлийг олгохоор болж байжээ. Хөгжлийн банк засаглалыг сайжруулж муу зээлийн эргэн төлөлтөд анхаарав

Санамж бичигт гарын үсэг зурах үед  10,000 орон сууцны 1 500-г нь  ядуу, эмзэг хэсэгт зориулсан түрээс хэлбэрээр ашиглах, 5 500-г нь харьцангуй хямд үнээр зарах,  үлдсэн 3 000-г нь  нь зах зээлийн үнээр худалдан борлуулахаар төлөвлөж байжээ.

Гэвч 10 мянган айлын орон сууц 5 мянга болж хоёр дахин цөөрсөн бөгөөд одоо л дөнгөж эхний 110 айлынх ашиглалтад орж буй нь энэ аж.

Нээлтийн үеэр дэлхийн 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын сертификат болох EDGE гэрчилгээг уг төсөлд өгчээ.

EDGE гэрчилгээ гэдэг нь “Excellence in Design for Greater Efficiencies” гэсэн үгийн товчлол бөгөөд барилга, орон сууцны эрчим хүч, ус, материалын үр ашиг, байгаль орчны нөлөөг хэмнэх чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт, гэрчилгээ юм. Энэ нь дэлхий даяар 150 гаруй улсад ашиглагддаг бөгөөд ногоон барилгын анхны олон улсын баталгаажуулалт гэж үздэг байна.

Дараах гол шалгуурыг хангасан барилгад  EDGE гэрчилгээ олгодог.

Үүнд:

  1. Эрчим хүчний хэмнэлт
    • Барилга нь эрчим хүчний хэрэглээг 20–40% хүртэл багасгах боломжтой байх
    • Дулаан алдагдлыг багасгах, LED гэрэлтүүлэг, эрчим хүчний үр ашигтай тоноглол
  1. Усны хэрэглээний үр ашиг
    • Ус хэмнэх тоног төхөөрөмж, борооны ус дахин ашиглах шийдэл
    • Усны хэрэглээг багасгах арга хэмжээ
  2. Барилгын материалын үр ашиг
    • Байгальд ээлтэй, дахин боловсруулах боломжтой материал ашиглах
    • Барилгын эрчим хүчний нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулах
  3. Шалгуур, үнэлгээ
    • EDGE программд барилгын зураг төсөл, материал, инженерийн шийдлийг оруулж үнэлгээ авдаг
    • Үнэлгээний үр дүнд EDGE Certified, EDGE Advanced, EDGE Zero Carbon зэрэг зэрэглэлүүд олгодог
  4. Олон улсын хүлээн зөвшөөрөл
    • 150 гаруй улсад хэрэгжиж, IFC (International Finance Corporation, Дэлхийн банкны групп) баталгаажуулдаг
    • Дэлхийн орон сууцны төсөлд санхүүжилт, хөнгөлөлт авахад давуу тал болдог

Ийм эко орон сууцны ач тус нь,

  • Барилгын зардал бага — эрчим хүч, усны төлбөр буурна
  • Эрүүл, аюулгүй орчин — агаарын чанар сайжирна
  • Ногоон санхүүжилт авах боломж — олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ногоон төслийг дэмждэг
  • Зах зээлд үнэ цэнэ нэмэгдэх — ногоон барилга нь үнэ цэнийг хадгалдаг

Хоёр үе шаттай хэрэгжих 5000 айлын орон сууцны 462 айлынхыг Баянхошуунд барих бол Шархаданд 338 айлын орон сууц барих ажээ.

Тэгвэл эдгээр орон сууцны  эхний ээлжийн орон сууцанд эмч, багш нарыг оруулахаар төлөвлөжээ.

Таван жилийн өмнө Баянхошуу, Шархад орчмын 11 га газрыг чөлөөлөн орлогод нийцсэн ногоон орон сууц барих төслийг эхлүүлсэн байна. 2025- 2026 онд 800 айлын орон сууцыг барьж дуусгана. 2030 он хүртэл 4200 айлын орон сууцны хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ашиглалтад орсон эко орон сууцанд  саарал ус дахин ашиглах технологи нэвтрүүлсэн нь усны хэрэглээг 30 хувиар, барилгын дээвэрт нарнаас цэнэг хуримтлуулах хавтан суурилуулсан нь цахилгааныг 20 хүртэл хувиар хэмнэх боломжийг бүрдүүлсэн гэнэ.

Тухайлбал, хэрэглэсэн усыг зоорийн давхарт шүүж, суултуурын ариутгах татуургын ус болгож дахин ашиглах технологи суурилуулсан байна. Нарны хавтангаар хуримтлуулсан эрчим хүчээр байрны гадна болон орцны гэрэл гээд орон сууцны дундын цахилгааны хэрэглээг хангах юм байна. Түүнчлэн уг ногоон орон сууц дөрвөн давхар ногооны хүлэмжтэй. Өрхийн хэрэглээний хүнсний ногоог жилийн дөрвөн улиралд тарьж ургуулах боломжтой юм байна. Мөн гал дэмждэггүй, шилний орцтой хөөсөн материалыг орон сууц барихад Монголд анх удаа ашиглажээ.

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn