Өчигдөр монголчууд улс тунхагласан өдрийг биш, Үндсэн хууль баталсан өдрийг л тэмдэглэсэн

Энэхүү учирлалыг жил бүр л бичиж ирлээ. Өчигдөр 11 дүгээр сарын 26-нд Монголчууд бид ямар нэгэн түүхт өдрийг тэмдэглэн амарч өнгөрүүллээ. Энэ өдрийг олон хүмүүс Монгол улсыг тунхагласан өдөр хэмээх нь эгдүү, эвгүйцэл төрүүлэм.

Уг нь энэ өдөр Үндсэн хуулиа баталж Монгол улс Бүгд найрамдах улс болсон л өдөр юм. Гэтэл улстөрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд олон нийтийн дунд тусгаар тогтнолын баяр хэмээх ойлголт машид түгээмэл байгааг харуулсаар л.

Монгол улс бол тусгаар тогтнолын хэдэн мянган жилийн түүхэн уламжлалтай. Түүнээс нь бид Хүннүгийн Модун шаньюй төр улсаа цэгцлэн хаан ширээнд суусан МЭӨ 209 оноос л төрийнхөө түүхийг эхлүүлж тооцсоор ирлээ. Түүгээр бол манай тусгаар тогтнолын өдөр 2224 жилийн настай байх ёстой.

Гэвч сайн дурын түүхч Б.Баабар нар Их Монгол буюу Чингис хааны байгуулсан улсын он тооллоор 1206 оноос хойш гэж тооцоод тусгаар тогтноод 819 жил болж байна гэх.

Тэгтэл нэг хэсэг нь болохоор 1911 онд манжийн Дайчин улсын төрийн эрх мэдлийг устгаж, Монголчууд өөрсдөө Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсаа байгуулсныг л Тусгаар тогтнолын өдөр гэж мэтгэнэ. Тэгвэл тэр 1911 оны 12 дугаар сарын 29 бол Монгол улсын дахин сэргээн тунхагласны ойн өдөр юм.

Улсынхаа тухай, тусгаар тогтнолын төлөө өнөөгийн монгол хүмүүс бид ийм их алдаатай ойлголттой байхад аль тэртээ 1930-аад оны аугаа зохиолч маань ийм гүн гүнзгий мэдлэгтэй байсныг сануулья. Их зохиолч Д.Нацагдорж бээр тэртээ 1936 онд бичсэн “Түүхийн шүлэг”-ийг дурдахад л энэ цагийн хадуурагсад, үл мэдэгсэд ичмээр санагдах нь лавтай.

“ТҮҮХИЙН ШҮЛЭГ”

Манай Монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсэн,
Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор,

Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө,
Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, Тэнгэр уулыг тулсан,

Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ,
Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрэмийг цогцлуулсан
Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан,
Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцоргосон,

Сяньби, Тобагийн монгол, шаштир түүхийг залгамжилсан
Түрэг, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
Харь хязгаар газарт, Хитан улсыг байгуулсан,
Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан,

Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд,
Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан,
Холхи ойрхыг нэгтгэж, хүний түүхэнд манлайлсан

Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа,
Найман зүгт мандсан эцэг өвгийн гавьяа,
Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавьяа
Манай өнгөрүүлсөн түүх хүн төрөлхтөнд гавьяа

Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай,
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн.
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө,

Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан,
Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилтай,
Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү
Түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ.

Үүнээс хойших он жилүүдэд улсаа 1924 оны 11 дүгээр сарын 26-нд тунхагласан гээд зогсож байх хүн олноороо битгий гараасай гэж хүснэм.

О.Ганхуяг

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn