
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэд хоногийн өмнө мэдээлэл хийж, Төгрөг нуурын ордыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга аваад, улмаар гадны компанид зарсан талаар ярьсан. Улмаар уг асуудлынхаа учрыг олох долоо хоногийн хугацаа өгсөн билээ.
Гэвч Х.Баттулга ЗГХЭГ-ын даргад ямар нэг тайлбар өгөөгүй гэнэ. Харин өчигдөр “Өрөг” сайтын сэтгүүлчтэй ярилцав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Төгрөг нуурын ордыг хэрэв минийх гэдгийг баталчихвал 100 хувь аваарай. Би угаасаа Баялгийн сан-г бүрдүүлэхийн тулд бүгдээрээ авсан ордоо буцааж өг гээд ард түмэндээ тайлбарлаж яваа” гэв.
Н.Учрал тэгвэл сая мэдээлэл хийж, Х.Баттулга “Намайг Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай” гэсэн байна. Тийм учраас Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна” хэмээн зузаан, зузаан хавтас бүхий баримтууд үзүүлэв.
Н.Учралын хэлснээр, 2006 онд Төгрөг нуурын орд газрын 90 хувийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, 10 хувийг нь Я.Батсүх эзэмшдэг CAMEX ХХК болохыг нотолсон баримт байгаа аж. Мөн Х.Баттулгын төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа дамжуулан, улмаар үндэстэн дамнасан компаниар дамжуулан 250 сая ам.доллараар зарсан болохыг нотолж байна гэв.
Тэрээр Хонконгийн бирж дээр байгаа 507-р нүүр баримтад бүх мэдээлэл, нотлох баримтууд байгаа гэв. Энд хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, ордын тооцоо, ТЭЗҮ зэрэг бүх мэдээллийг нарийвчлан агуулсан байгаа. Энэ 507 баримт дотор Х.Баттулга өөрөө сайд байхдаа өөрийнхөө компанитай буюу өөрөө, өөртэйгөө гэрээ байгуулсныг харж болно” гэв.
Улмаар CAMEX ХХК нь Сингапурт бүртгэлтэй компани руу 100 хувь шилжсэн бөгөөд хувьцаа эзэмшигч нь түүний төрсөн охин Б.Намуун, хамтран бизнес эрхэлж байсан Билли Лимийн Лим Сеон нар аж.
Тиймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Х.Баттулгын 90 хувийг нь эзэмшдэг байсан “Камекс” ХХК-ийг татвар төлөхөөс зайлсхийсэн,мөнгө угаасан, залилсан, авлига ашиг сонирхлын зөрчил үүсгэх зэрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлаар прокурор болон АТГ-д хандаж байгаагаа мэдэгдлээ.
Мөн тухайн бүс нутгуудын хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай нэмэлт материал авахыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд даатгаж, Төгрөг нуурын ордыг стратегийн ордод авах ажлыг Уул уурхайн сайд Ц.Туваанд даатгав.
Стратегийн ордыг аваад, үндэстэн дамнуулаад, олон компаниудын хэлхээ холбоо үүсгээд нэрээ өөрчлөөд, татвараас нуугдаад, оффшор бүсээр дамжуулаад зарчихсан асуудал ийнхүү хуулийн байгууллага дээр очлоо.