УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан “Бодь” компанийн төмөр замын гэрээтэй холбоотой сонсголыг хийх эсэхээ шийдэхийг Н.Номтойбаяраас шаардсан. Үүнд УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр тайлбар өгсөн юм.
Н.Номтойбаяр төмөр замын бүтээн байгуулалтын төсөв нэмэгдсэн шалтгаан, гэрээг нууцын зэрэглэлд хамруулсан үндэслэлийг баримтад тулгуурлан шалгах шаардлагатайг онцолсон юм.
Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ намайг шүүмжилсэн пост нийтэлсэн байна лээ. Энэ асуудлын үүх түүхийг 2006 оноос эхлэн судлах ёстой. Миний хувьд 2018 оноос анхаарч эхэлсэн. Анхны ТЭЗҮ-ээр төслийн өртөг 655 сая ам.доллар байсан санагдаж байна. Тоог нь нягтлах шаардлагатай. Гэтэл хэдхэн сарын дотор нэг тэрбум 68 сая ам.доллар болсон. Төсөв яагаад нэмэгдсэнийг тухайн үеийн нөхцөл байдал, яриа хэлэлцээнээс эхлэн хөөж шалгах ёстой” гэв.
Түүний хэлснээр, үүнээс зургаан жилийн дараа “Бодь” компани нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулсан бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтын гэрээг яагаад нууцлах шаардлагатай болсныг тодруулах хэрэгтэй байгаа.
Мөн “Нотлох баримтад тулгуурлахгүйгээр яривал улс төрийн болон хувийн хэвшлийн нэр хүндэд сэв суулгах учраас би болгоомжтой хандаж байна. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нууцлах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Батлан хамгаалахтай холбоотой бус, дэд бүтцийн ажлын гэрээг яагаад нууцалсан бэ гэдгийг шалгах шаардлагатай” хэмээсэн.
Аливаа талын эрх ашгийг хамгаалахгүй, хараат бусаар ажиллах гишүүдийн бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулах нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
“Л.Оюун-Эрдэнийн хэлсэн шиг ширээн доороо нуусан зүйл байхгүй. Түр хороо байгуулах саналыг Д.Пүрэвдаваа гишүүнд өгсөн, гарын үсэг цуглуулж байгаа. Одоогоор 23 гишүүн гарын үсэг зурсан. Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар ч оролцох хүсэлтэйгээ илэрхийлж, гарын үсэг зурсан байна. Гэхдээ тэр хоёрыг түр хорооны бүрэлдэхүүнд оруулах бус, гэрчээр дуудах ёстой” гэв.
Түр хороо байгуулагдан ажиллах тохиолдолд өөрөө уг ажлыг хариуцахаас татгалзахаас өөр аргагүй болно гэдгээ мэдэгдлээ.
