Итали даяар 6300 орчим, Шотланд, Хойд Ирланд даяар 700 гаруй улсын болон хувийн сургууль тэсрэх бөмбөгийн заналхийлэл хүлээж авсныг орон нутгийн эрх баригчид мэдээлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт бөмбөг тавьсан хэмээх энэ анхааруулга Европын улсуудын нисэх буудлууд, онгоцнуудыг нэг бүрчлэн шалгахад хүргэсэн. Түүнээс болж, агаарын тээврийн салбарт ихээхэн саатал, хохирол учраад байна. Хэдий азаар бүх хийсэн шалгалтаар эдгээр нь хуурамч дуудлага байсан ч дараагийн бай нь Европын ТВ сувгууд болсон.
Тэгвэл энэ удаа сургуулиуд болж байна. Энэхүү заналхийллээс болж Италийн хэд хэдэн сургуулиас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Гэхдээ бодит аюул байгааг нотлох ямар нэг ул мөр олдоогүйг тус улсын ерөнхий сайд Жоржиа Мелони мэдэгдсэн байна. Зориудаар хүмүүст айдас түгшүүр төрүүлэх гэж энэ мэдээллийг түгээсэн гэж үзэж байна.
Тус улсын Боловсролын сайд Жузеппе Валдитара заналхийллийг бодит аюул гэхээсээ илүү кибер халдлага байх магадлалтай гэж мэдэгдэв. Тэрбээр “Европ даяар нисэх онгоц, супермаркет, тэр ч байтугай эмнэлгүүдийг онилсон олон тооны заналхийллийн цаана тодорхой стратеги байгаа бололтой” гэжээ.
Шотландын Боловсролын сайд Майри МакАллан хэлэхдээ “Олон нийтэд аюул эрсдэл учруулах зүйл байхгүй. Кибер гэмт хэргийн тусгай мэргэжилтнүүд энэ заналхийлсэн зурвасын эх сурвалжийг олж тогтоохоор ажиллаж байгаа. Хүүхэдтэй хүний хувьд, мөн тухайн тойргийг төлөөлсөн парламентын гишүүний хувьд энэ асуудал эцэг эхчүүд, сурагчид, асран хамгаалагчид болон сургуулийн ажилтнуудын санааг ямар их зовоож байгааг сайн ойлгож байна” гэжээ.
Шотландын цагдаа нар заналхийллийг анх хүлээж авсан даруйдаа хуурамч түгшүүрийн дохио гэдгийг мэдэгдсэн боловч эрх баригчдын хүсэлтээр сургуулиудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн аж.
Хойд Ирландын хувьд цагдаагийн байгууллагын заавар чиглэл иртэл сургуулиудын үйл ажиллагааг түр хаасан байгаа аж.
Дээрх заналхийллүүд өөр хоорондоо холбоотой байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч тус заналхийлсэн зурвас “Вилаят ди Мизогинистан” гэх бүлгийн удирдагч Михайл Андропов гэгчээс ирсээр байна.
