Монгол бахархлын өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол бахархлын өдөр.  Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэн. Энэ өдрийг Чингис хааны төрсөн өдөр хэмээн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ 2012 онд зарлиг гаргаж, тэмдэглэж эхэлснээс хойш 14 дэх жилдээ орж байна.

Их Эзэн Хааны төрсөн өдөр гэдэгт таалалтай бус ч Монголчууд бахархах өдөртэй байх нь зүй ёс хэмээн үздэг хүмүүсийн нэг нь би.

Энэ өдөр жил бүр Сүхбаатарын талбайд Төрийн далбаагаа мандуулж, Төрийнхөө есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол үйлдэж, Эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг ёс заншил нэгэнт тогтсон.

Мөн энэ өдөр Төрийн тэргүүн зэргийн шагнал “Чингис хааны одон”-г жил бүр хэн нэгэн эрхэм хүмүүнд эсвэл аль нэгэн байгууллагад гардуулан аларшуулдаг уламжлалтай болсон. 2005 оноос эхэлж олгосон бөгөөд өдгөө 18 хүн, байгууллагад олгоод байгаа.

Өнгөрсөн жил академич, хуульч С.Нарангэрэл багшид Чингисийн одон хүртээсэн бол энэ жил Монгол улсын Шинжлэх ухааны академид шагналыг гардууллаа.

Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлжээ.

ШУА нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн билээ.

1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь үндэсний шинжлэх ухааны байгууллагын эх суурь болсон түүхтэй. Хүрээлэн 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн, 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, 1992 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академи нэртэйгээр эрдэм судлалын их үйлсийг удирдан зохион байгуулж ирсэн байна.

Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг тодорхойлон, монгол угсаатан Хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, нүүдэлчдийн амьтны загварт урлаг Монголоос үүсэлтэйг баримтаар нотолсон юм.

Мөн Хүннү, Жужан, Уйгар, Түрэгийн Хаант Улсын үеийн хот балгад, Чингис хааны анхны нийслэл Аураг балгас, Эзэнт гүрний нийслэл Хархорум зэрэг эртний хотын судалгааг шинэ шатанд гаргаж, түүх, соёлын 100 гаруй мянган дурсгалт газрын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, түүхийн дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын өвийн жагсаалт”-д бүртгүүлж, эх түүхийн үзэсгэлэнгүүдээ гадаадын улс орнуудад тогтмол дэлгэн сурталчилж байна.

Монголын эрдэмтэн судлаачид олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран судалгаа шинжилгээний олон хээрийн судалгааны ажлуудыг амжилттай хийж ирсэн бөгөөд энэ хүрээнд ШУА-ийн эрдэмтэн судлаачид геологи, палеонтологи, геофизик, биологи, эртний түүхийн ховор, үнэт олдворыг сурвалжлан цуглуулж, шинжлэн судалж, онол практикийн үлэмж ач холбогдолтой шинэ дүгнэлт, таамаглал, тодорхойлолт дэвшүүлэн, олон арван хамтын болон нэг сэдэвт бүтээл туурвин газрын зураг, карт зохиож, дэлхийн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.

Манай улс 1970-аад оны эхээр “Интеркосмос”, “Интерспутник” байгууллагын гишүүн болсноор сансар судлалын эхлэл тавигдан, 1981 онд монгол хүн сансарт ниссэнд ШУА-ийн оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяа асар ихээ.

ШУА нь эдүгээ 35 улсын 150 гаруй ШУА, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, үндэсний судалгааг олон улсын эрдэм шинжилгээний орон зайтай холбож, хамтарсан судалгаа, эрдэмтдийн солилцоо, олон улсын хэвлэлд нийтэлсэн бүтээлүүд нь Монгол орны талаарх мэдлэгийг баяжуулахын зэрэгцээ үндэсний судлаачдын чадавхыг бэхжүүлж, шинжлэх ухааны салбарын нэр хүндийг өргөсөөр байна. ШУА-ийн 16 эрдэм шинжилгээний хүрээлэнд 50 гаруй шинжлэх ухааны доктор, 280 гаруй докторын зэрэгтэй эрдэмтэн судлаач ажиллан, олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 3,800 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд тэдгээрээс 90 гаруй мянган эшлэл хийгдээд байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn