Г.Тэмүүлэн: Баталгаатай найдвартай байр сонгох, залилангаас сэргийлэх эрхийг нь хангана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.

Г.Тэмүүлэн “Орон сууцны залилантай холбоотойгоор хэрэг үүссэн, олон мянган иргэдийн эрх ашиг хөндсөн асуудал байгаа. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар баригдаж дуусаагүй 2173 орон сууц бий. Эдгээр дотор захиалгын гэрээг иргэдтэй давхардуулан байгуулах асуудал гарч байна. Одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа энэ төрлийн 173 хэрэг бүртгэгдсэний цаана 2800 гаруй иргэний эрх ашиг хөндөгдсөн. Нийт мөнгөн дүн нь 173 тэрбум төгрөг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргдэийн эрх ашгийг хамгаалах ёстой.

Баригдаж байгаа орон сууцны мэдээллийг нэгтгэж, иргэдэд нээлттэй болгох хэрэгцээ байна. Арваннэгдүгэр сарын 15-н гэхэд нэгдсэн цахим санг бий болгоно. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоос эхлээд төр өөрт байгаа мэдээллийг бүгдийг ил болгоно.

Ингэснээр иргэдэд нягтлах, хянах боломж үүснэ. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж дууссан, ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Хууль УИХ-аар хэлэлцэн батлагдах хүртэл дор хаяж нэг сарын хугацаа орно.

Тиймээс цаг алдахгүйн тулд Засгийн газрын тогтоол гаргаж, эрх бүхий байгууллагад мэдээллээ нэгтгэх, цахим санг бий болгох асуудлыг шийдлээ. Иргэд кино үзэхийн тулд цахимаар тасалбараа захиалдаг шиг байр сонгох, захиалахдаа урьдчилан танилцах боломж бүрдэнэ. Орон сууц бүрд дахин давтагдахгүй QR олгоно. Баталгаатай найдвартай байр сонгох, залилангаас сэргийлэх эрхийг нь хангана.

Мөн өнөөдөр Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах журмыг батлууллаа. Мопед, скүүтертэй холбоотой шинэ төрлийн харилцаа үүсэж байгаа. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй. Сүүлийн 2 жилд скүүтер, мопедтой холбоотой осол гэмтлийн тоо нэмэгдсэн.  18-аас дээш насныхан цахилгаан дугуй, мопед, скүүтер жолоодох эрхтэй байна.

Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоор түүхий эдээр тасралтгүй хангах асуудал хөндөгдөнө. Тиймээс газрын тосны эрэл, хайгуул хийх ажлыг дэмжих нь чухал. Гэрээт хамгаалалт хийх эрхийг нээж өгч байгаа. Хайгуулын есөн талбайд гэрээт хамгаалалт авах эрх нь нээгдэж байна. Энэ ажлыг уул уурхайн салбарын яамтай хамтран хэрэгжүүлнэ. Ингэж байж эрэл хайгуулын ажил хэвийн явагдана” хэмээлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn