Өчигдөр АН-ын генсек С.Баярцогт өнөөдөр намынхаа Улстөрийн зөвлөлийг хуралдуулна хэмээн мэдэгдсэн. Тус намын УТЗ өнөөдөр хуралдсан ба тэндээс гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл нар мэдээлэл хийлээ.
О.Цогтгэрэл “Хурлын шийдвэрийн талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Бүлгийн гишүүд өнөөдөр төсвийн хэлэлцүүлэгтэй учраас чуулганд оролцож байна. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл дээр хоёр асуудлыг хариуцлагатай хэлэлцсэн.
Нэгдүгээрт, МАН-ын олонхын Засгийн газарт хариуцлага тооцох асуудал, хоёрдугаарт, одоо үргэлжилж буй төсвийн хэлэлцүүлгийн талаар мэдээлэл солилцсон. Сүүлийн үед эрх баригч МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон өдрүүд үргэлжилж байна. Дотоод зодооноо бусдад наах, Ардчилсан намд нялзаах, асуудлыг зөвхөн Ардчилсан намаас болж буй мэтээр төөрөгдөл үүсгэж байна. Үүнд бид анхаарч ажиллах ёстой гэдгийг бүлгийн гишүүд хэлж байна.
Мөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхийг манай Улс төрийн зөвлөлийн зүгээс тавьж байгаа.
Өнөөдөр Улс төрийн зөвлөл хуралдаж байх үеэр Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын мэдээлэл дээр Ардчилсан намын шаардлагыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Эхний шаардлага болох Батлан хамгаалахын сайд Л.Батлутад хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж ойлгосон.
Хоёрдугаарт, улсын төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна. Ардчилсан намаас иргэдийн орлогыг хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр байнга байр сууриа илэрхийлдэг. Төсөв дээр барьж байгаа байр суурь бол цалин, тэтгэврийг нэмэх ёстой. Үүнийг бодитой орлого болгон нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ үрэлгэн төсвийг хас гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхий сайдын албан мэдээлэл дээр Ардчилсан намын шаардлагыг хүлээн авч байгааг илэрхийлсэн байгаа гэж ойлгосон. Үүнийг албан сувгаар мэдээлэл авч, үнэхээр шаардлага хангасан эсэхийг тодруулна” хэмээсэн. Дараа нь АН-ын дарга О.Цогтгэрэл шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн.
-Улс төрийн зөвлөлөөс яг ямар шийдвэр гаргав?
-Бүлгийн хүрээндээ асуудлаа ярилцаж байна. Шаардлага биелсэн эсэх дээр та бүхэн шийдвэрээ гаргах нь зүйтэй. Цалин, тэтгэвэр нэмэх асуудал дээр Ардчилсан нам улс төрийн намын хувьд идэвхтэй байр суурийг илэрхийлж, үнийн өсөлтийн эсрэг тодорхой бодлого барьж ажиллах саналуудыг өгсөн.
-Засгийн газрыг огцруулах нь дараагийн эрсдэлүүдийг бий болгоно гэсэн зүйл яригдаж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Олон таамаг байгаа. Мэдээж ээлжит бус сонгууль гэх мэт янз бүрийн зүйлсийг ярьдаг. Ардчилсан намын зүгээс төрийн тогтвортой байдлын талаар хэзээ ч байр суурь илэрхийлж байгаагүй. Монголын төрийн тогтвортой байдал гэдэгт төрийн эрх барих дээд байгууллага буюу парламент орно. Засгийн газар өөрчлөгдөх, солигдох, хариуцлага тооцох асуудал бол аль ч парламентын засаглалтай оронд байдаг зүйл. Харин парламент тарах зүйл гэдэг нь хүсэхээр зүйл биш. Засгийн газар огцрох нь төрийн тогтвортой байдлын хариуцлагын асуудал юм.
-Батлан хамгаалахын сайд Л.Батлутад хариуцлага тооцох нь та бүхний шаардлага бүрэн биелсэн гэж үзэж болох уу?
-Үүнийг Ардчилсан намын бүлэг дээр ярилцана.
-АН-ын нэн тэргүүний шаардлага юу вэ?
-Ардчилсан нам үндсэндээ үе шаттай ярих юм бол ардын хүүхдийн амь нас үнэгүй байна. Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох эсэх асуудал дээр хариу ирээгүй учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Процесс ийм байдлаар үргэлжилж байна. Гэхдээ Ардчилсан нам хэзээ ч төрийн тогтворгүй байдлын төлөө яваагүй. Аль болох төр тогтвортой байх ёстой. Бодлого тогтвортой хэрэгжих ёстой. Эрх баригч намын зодоон, үймээн хүний зовлон битгий болоосой гэдэг байр сууринаас асар хүлээцтэй байсаар ирсэн.
-Ардчилсан намын бүлгийн даргын асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Удаа дараа бүлгийн даргын суудлыг шилжүүлэх талаар ярьдаг. Түр хойшлуулъя гэдэг саналыг хэлдэг. Тун ойрын үед бүлгийн ээлжит хурал дээр бүлгийн даргаа шилжүүлнэ.
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн асуудал дээр шүүхээс нэмэлт тайлбар хийсэн. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Н.Алтанхуяг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой, ялах боломжтой кандидат. Мөн гурван шатны шүүхээр цагаадсан хэргийг шүүхээр чирэгдүүлж байгаа нь өөрөө улс төрийн захиалгат хэрэг гэж бодож байна.
