УИХ-ын ээлжит бус чуулган, төсвийн тодотгол хийгээд улстөр

Маргааш УИХ-ынн ээлжит чуулган эхэлнэ. Энэхүү ээлжит чуулган зарлах болсон нь 2026 оны улсын төсвийг тодотгох асуудлыг хэлэлцэхтэй холбоотой. Эрх баригч МАН буюу Засгийн газраас энэ оны төсөв 2.2 их наядаар тасар буй тул ийнхүү төсвийг тодотгохоор өргөн барьсан. Ингэхдээ 1.4 их наядаар төсвийг тодотгохоор санал болгосон.

Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцолсон.

Олон жил ажиллаж их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах зарчмыг бодитоор хэрэгжүүлэх эхний алхам болгож суурь тэтгэврийг хуулиар тогтоосон 2027 оныг хүлээлгүй, 2026 оны 11 дүгээр сараас олгож эхлэхээр төлөвлөжээ. Үнийн өсөлт болон өвлийн улирлын үед гарах хэрэглээний зардлыг харгалзан 435.0 мянган ахмад настанд сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэврийг оны сүүлийн хоёр сард олгоход  зориулж 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Мөн 2026 оны эхнээс боловсролын салбарын цалин 50 хувь, эрүүл мэндийнх 30 хувь, шинжлэх ухааных 15 хувиар өссөн боловч үлдсэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин өсөөгүй. Иймд энэ оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд зориулж 166.3 тэрбум төгрөг тусгасан байна. Улмаар боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход дутуу байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тооцоод буй.

Түүнчлэн мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөг тусгасны зэрэгцээ импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байна.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор төсвийн тодотголын хамт найман хуулийн төсөл, Улсын Их Хурлын хоёр тогтоолын төслийг дагалдуулан боловсруулжээ.

Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байна гэж төсөл санаачлагчид тооцжээ.

Харин сөрөг хүчин болох АН-ын УИХ дахь бүлэг ээлжит бус чуулган зарлаж төсвөө тодотгохыг шаардаж байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт төсвийн төслүүд нь Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэн, уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар шийдвэрлээд байгаа.

АН-ын зүгээс төсвийн тодотголыг дагалдуулан төсвийн харилцааг зохицуулдаг хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгасан, мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим шаардлагыг өөрчлөхөөр төлөвлөсөн нь хууль зүйн болон эдийн засгийн хувьд анхаарал татаж буй асуудал гэж үзэж байгаа юм.

2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөл нь улсын өр, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, цаашид эдийн засагт дарамт үүсгэх эрсдэлтэй гэж  үзжээ.

Иймд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй гэж үзсэн төсвийн төслүүдийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх үйл явцтай холбоотойгоор УИХ-ын дарга С.Бямбацогтын үйлдэл Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа юм.

Төсвийн тодотгол хийгээд ирэх оны төсөв, Засгийн газар тойрсон улстөр ирэх саруудад тасралтгүй үргэлжлэх нь ойлгомжтой.

Ийнхүү улстөрд халалт хэдийн эхэлсэн ч энэ удаа МАН-ынхан Засгийн газраа нийтээрээ дэмжинэ хэмээн улстөрийн хүрээний олонх хүн итгэлтэй байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn