Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг сайд нар танилцууллаа.
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Ургацын урьдчилсан баланс гарлаа. Улсын хэмжээнд хавар 370 орчим мянган га-д тариалалт хийснээр 318 мянган га-д улаанбуудай, 13 орчим мянга га-д төмс, 14 орчим мянган га-д хүнсний ногоо, үлдсэн талбайд ногоон тэжээл, тосны ургамал зэргийг тариалсан байна.
Урьдчилсан мэдээгээр 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497 орчим мянган тонн улаанбуудай авах тооцоо гарсан. Төмс 168.2 мянган тонн, 220 мянган тонн хүнсний ногоо, 50 орчим мянган тонн осны ургамал, 201 мянган тонн малын тэжээл авах тооцоо гарлаа.
Урьдчилсан мэдээгээр улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах тооцоо гарлаа. Засгийн газрын хуралдаанаар сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дотоодын сүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг баталлаа. Ингэснээр “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэгдэв.
Монгол Улс 2020 оноос сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлага хангасан түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерт мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Урамшууллын хэмжээ 2023 онд нэг литр сүүнд 1000 төгрөг болж нэмэгдэн, бүх төрлийн малын сүүнд хамаарах болсон юм.
Энэхүү бодлогын үр дүнд 2020 онд 1300 орчим малчин, фермер 3.5 сая литр сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж байсан бол 2025 онд 2400 орчим малчин, фермер 19.6 сая литр сүү нийлүүлж, сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлт 5.6 дахин нэмэгджээ.
Мөн сүүний урамшуулалд хамрагдах аймгийн тоо 4-өөс 13 болж өргөжсөн байна. Нийт бэлтгэсэн сүүний хэмжээ 2020 онд 200.0 мянган тонн байсан бол 2025 онд 260.5 мянган тонн болж, 30 хувиар өссөн байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн 38 хувиар нэмэгдэж, 156.8 мянган тоннд хүрчээ. Үүний зэрэгцээ хуурай сүүний импорт 2021 онд 5.4 мянган тонн байсан бол 2025 онд 4.5 мянган тонн болж, 17 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шинэчилсэн журмаар сэрүүний улирлын түүхий сүүний мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор зохицууллаа. Түүнчлэн түүхий сүүний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоонд суурилсан бүртгэл, хяналтын механизмыг нэвтрүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангахаар тусгалаа” хэмээсэн.
