Энэ намрын улстөржилтийн өнгө ямар байх нь өнгөрсөн долоо хоног болон өнөөдрийн үйл явдлуудаас тодорхой болж байна. Эрх баригч МАН-ын хувьд Н.Учралын Засгийн газрыг хадгалж үлдэх амин чухал асуудал.
Зарим хэвлэлүүд /сайтууд/ хэдий МАН хагарсан 30-ын бүлгийнхэн АН-ын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 40 гишүүнтэй хамтраад засгаа унагахаар уухайлж байгаа гээд түүнийгээ байнга бичиж байгаа. Гэвч 30-ын бүлэг гэдэг нь хэдийн 10 гаруйхан гишүүд үлдсэн гэдгийг тооцохгүй л байх шиг.
30-ын бүлэг гээчид МАН-ын генсек асан Д.Амарбаясгалан, хууль зүйн сайд С.Амарсайхан, БОУАӨ-ийн сайд Сандаг-Очир нар болон тэднийг дагалдсан хэсэг гишүүдийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын нөхдүүдтэй хамтатган ойлгож байгаа. Гэтэл Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын талынхан Засгийн газарт сайдын суудлуудтай, бүхий л боломжтой албан тушаалд өөрийн хүмүүсээ байрлуулж авсан учир хуучин хамтрагчдаа даган намирахгүй гэдгийг албаар ч юмуу ер тооцож үзэхгүй байна.
Энэ бүхнийг харахад Засгийн газрыг огцруулах санаагаа олон нийтэд тулган хүлээлгэхийг сайтууд хийгээд сошиалаар байнга явуулж байгаа нь тодорхой байна. Н.Учралын Засгийн газрыг огцрууллаа гээд дараа нь хэн гарч ирэх юм. Тэр нь шатахууны хомсдол зэргийг байхгүй болгож чадах уу гээд асуух асуулт цөөнгүй.
АН-ын бүлгийн гишүүн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу яг энэ асуултуудыг хэвлэлд өгсөн ярилцлагаараа асууж байгаа нь үндэстэй юм. Ялангуяа УИХ-аа тарааж дахин сонгууль явуулаад АН яллаа гэхэд шатахууны хомсдлыг арилгаж чадах юмуу гэж байгаа. Нээрээ ч цэнхэр талынхан буюу АН-ынхан гарч ирлээ гээд хоёр хөршөөс шатахууныг хангалттай авчихна гэдэгт итгэхэд бэрх.
Засгийн газар энэ хооронд одоогоор 2.2 их наяд болоод байгаа 2026 оны улсын төсвийн тасалдлыг нөхөх 1.4 их наядаар тодотгох төслөө УИХ-д өргөн бариад байна. Үүнийг АН мөн л эсэргүүцэж 2.2 их наядын алдагдалтай байж 1.4 их наядаар тодотгоно гэж юу гэсэн үг юм бэ гэлцэж байгаа. АН-ын дарга О.Цогтгэрэл Н.Учралын Засгийн газрыг гадаад орчин хамгийн таатай байхад муу ажиллалаа хэмээн ярьсан нь элэг доог болж байна.
Иран, АНУ-ын дайн, ОХУ, Украйны дайнууд, Ормузын хоолойн улстөр, дайн, Украйн Оросын шатахууны байгууламжуудыг дрондож, эдгээрээс болж дэлхий даяар шатахуун хомсдож, хямрал болж байгааг манай АН-ынхан мянга үгүйсгээд амжилт олохгүй.
АН-ынхан жил хүрэхгүй хугацаа үлдээд буй Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөх улстөржилт гээчээр ийн буруу дайраад амжилт олоход хэцүү.
Тиймээс улстөрийн байдлыг цэгнэж үзэхэд манай улстөрийн хүчнүүд энэ удаа сөргөлдөх биш харин нэгдэж байж хямралаас яаж гарах вэ гэдэг дээр толгойгоо ашиглах хэрэгтэй.
Мөн энэ намар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эпштейний файл хэмээх хуучирсан асуудлаар шалгуулахаар зарим улстөрчид бүр УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулахаа зарлаад буй. Монгол улсыг, улстөрийг хоёр хуваасан бүлэглэлүүдийн тэмцэл энэхүү сонсголын ард байгаа. Гэхдээ Эпштэйний файлаас илүү Гашуунсухайтын хил холболтын төмөр замын гэрээ буюу Харбины гэрээний асуудлыг авч хэлэлцэх нь илүү үр дүнтэй мэт.
Юутай ч намрын улстөржилтийн гол сэдвүүд ийнхүү дэлгэгдэж хэрхэийг цаг хугацаа харуулна даа.
