Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ.
Түүнийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд/Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.
Хатагтай Амина Ж.Мохаммед НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхээс гадна Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн үйл хэргийг алдаршуулах Монгол Улсын Төрийн далбааг өнө мөнхөд мандуулах ёслолын арга хэмжээнд оролцоно.
Хатагтай Амина Ж.Мохаммед нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Тогтвортой хөгжлийн асуудлаарх бүлгийн тэргүүн юм. Тэрбээр энэ албанд томилогдохоосоо өмнө Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын Байгаль орчны сайдаар ажиллаж тус улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон байгаль орчныг хамгаалах хүчин чармайлтыг удирдан чиглүүлж байсан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
