Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын төлөөлөл Номгон Форестри ХХК-ийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, Швед улсын BCC Plant the Planet компанийн суулгац үйлдвэрлэлийн автомат тоног төхөөрөмжийн ажиллагааг үзэж сонирхлоо.
Тус тоног төхөөрөмж нь хөрс бэлтгэх, сав дүүргэх, үр суулгах зэрэг үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар суулгац үйлдвэрлэлийн бүтээмж, чанарыг эрс нэмэгдүүлдэг.
BCC Plant the Planet-ийн автомат үйлдвэрлэлийн шугам нь минутанд 10–20 үрслэгээний тавиур боловсруулах хүчин чадалтай бөгөөд үр суулгалтын нарийвчлал 95 хувиас дээш байдаг.
Энэ жилийн хувьд 1 сая ширхэг бортоготой тарьц үржүүлж эхэлсэн бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 75 сая ширхэг бортоготой тарьц ургуулах боломжтой юм.
Богино хугацаанд их хэмжээний чанартай суулгац үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа нь орчин үеийн дэвшилтэт технологи болж чадаж байна.
Дэвшилтэт технологийг нутагшуулснаар тарьц, суулгацын үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
