Энэ жилийн намрын их ажил эхлээд буй. Үүнтэй зэрэгцээд улстөржилт хэдийн эхэлсэн. Наадмын өмнө эх орондоо 6 жилийн дараа морилсон экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагтаа хуулиас зугатдаг хоёр хүн хэмээн өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон “амин найз” Х.Баттулга нарыгаа гоочилж суусан.
Тэгвэл хуулиас зугатдаг ээлжит хүнээр Ц.Элбэгдоржтон өөрөө тодроод байгаа. Авлигатай Тэмцэх газарт шалгагдаж байхдаа АНУ руу гарсан тэрбээр өмнөх сонгуулийн үеэр бараг л Монголын нэг номерын дайсан болсон. Гэвч наадмын өмнө эх орондоо ирсэн түүнийг хуулийнхан шалгах эсэх тухай асуудал наадмын амралтын 10 хоногт олон нийтийн хэлэлцүүлэг маягаар хорхог, шорлогны хачир болсон яриан дунд олны амнаас салаагүй. Ирэнгүүтээ Төрийн далбааны өдөрт морилсон тэрбээр Эрдэнэтийн 50 жилийн ойд очсон.
Тэндээсээ Ховд руу явсан гэх. Харин Ц.Элбэгдоржид үүсгээд байсан хэргийг АТГ сэргээж, түүнээс мэдүүлэг авахаар дуудсан ч хөдөө орон нутагт байна гээд ирэхгүй байгаа тухай мэдээлэл түгэж байна.
Хилээр гараад явчихаагүй юм чинь хотод ирээд шалгагдах байлгүй дээ гэх хүмүүс ч олон байна. Тэгээд ч Ц.Элбэгдорж цагтаа “Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд” очиж мэдүүлэг өгч чадна гэж явсан хүн. Тиймээс шалгах нь ч, шалгуулах нь ч тодорхой.
Гэхдээ Ц.Элбэгдоржтой хамааралтай хэмээн чөлөө сэвгүй бичиж ирсэн хэргүүдийг нэг мөсөн шалгаж мухарлах нь зүйтэй байх. Ингэж байж нийгмээр нэг түгэж олны хэл амны бай болсон хэргүүдийн учгийг тайлж, хийсэн хэрэггүй бол цагаадаад, хийсэн хэрэгтэй бол байх ёстой газар руу нь явуулах ёстой байх.
Түүнээс биш Ц.Элбэгдорж ба түүний талынхан эсэхүл түүний эсрэг талынхны аль алиных нь улстөрд автаад асуудлыг мухарлахгүй орхивол энэ улсад итгэх юм цаашид үлдэхгүй болсон нь ойлгомжтой.
Ц.Элбэгдоржийн дараагийнх нь Ерөнхийлөгч Х.Баттулга Таввантолгойн асуудлаар шалгуулахаар Улсын прокурорт хандаж байснаас хойш 8-9 жил өнгөрч. Ц.Элбэгдоржийг үүнээс гадна Эрдэнэтийн 49 хувийн асуудлаас эхлээд уран зургууд алга болсон, Солонгосын иргэнийг луйвардсан, Оюутолгойн Дубайн гэрээ, “Ачит Ихт”-ийн асуудал гээд гар хөлийн 20 хуруунаас ч илүү олон асуудалд холбогдуулдаг. Ц.Элбэгдорж зарим нэгний тархин дотор амьдардаг гэдэг. Тэгэхээр энэ бүхнийг мухарлах цаг хэдийн болсон.
Энэ намрын улстөрийн халуурал эндээс эхэлж байгаа бололтой. Гэхдээ асуудлыг хэрхэн шалгаж, мухарлахаас Монгол улсад шударга үнэн байгаа эсвэл байхгүй гэдэг нь тодрох болно.
