Энэ сарын 11,12-ны өдрүүдэд болсон Монгол лам нарын II чуулганаар Монголын лам, хуврагууд тулгамдсан зарим асуудлаа хэлэлцэн шийдвэрлэжээ.
Чуулганы эхний өдрийн хуралдаанаар лам хуврагуудын сахилга хариуцлага, зан суртахуун, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох зорилготой “Ламын ёс зүйн дүрэм”-ийн төслийг баталсан бол хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр “Монголын Бурханы шашны лам болон сүм хийдийн бүртгэлийн нэгдсэн журам”-ын төслийг хэлэлцэж батлав. Уг журам нь Монголын Бурханы шашны байгууллага, сүм хийдүүдийн бүртгэл мэдээллийг нэгтгэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, шашны байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
▪︎ Чуулганы хүрээнд шашин номын үйл хэрэг, лам хуврагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт, сүм хийдийн хөгжил, цаашдын бодлого чиглэлтэй холбоотой олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр ажилласан.
▪︎ Монгол лам нарын II чуулганд нийт 622 лам хуврагууд оролцон бүртгэгдсэн байна.
▪︎ Монгол лам нарын II чуулган нь Бурханы шашны уламжлал, үнэт өв, соёлыг хадгалан хамгаалж, хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого, зохицуулалтын үндсийг тодорхойлох, шашны байгууллагуудын хамтын ажиллагаа, нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн онцгой ач холбогдол бүхий арга хэмжээ болжээ.
1991 онд лам нарын Анхдугаар чуулганыг хийсэн бол 35 жилийн дараа ийнхүү хоёр дахь чуулганаа хийжээ.
