АН-ын генсек, УИХ дахь бүлгийн дарга хэн хэн болох вэ

Монголын улстөр өдөр бүхэн шахуу шуугиантай үйл явдлаар дүүрэн байх болсон. Эрх баригч МАН-ынхан Нисйлэл хотод бүтэн хоёр долоо хоног бужигнасан.

Үр дүнд нь НИТХ-ын дарга А.Баярыг огцруулж Д.Ихбаярыг сонгосон. Мөн Засаг дарга Х.Нямбаатарын санхүү эрхэлсэн орлогч Т.Даваадалайг “Туулын хурдны зам”-тай холбоотойгоор хууль хяналтын байгууллага эрүү үүсгэн шалгаж байгаа тул өөрөө албан тушаалаасаа татгалзав.

Эрх баригч намын сюрприз дуусаагүй байтал сөрөг хүчин АН-д С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн дарга /генсек/-аар жинхлэх эсэх асуудал бөөн хэрүүл маргаанд хүргэлээ.

Үүний сацуу УИХ дахь АН-ын бүлгийг хэн даргалах вэ гэдэг асуудал ч тус намын хуваагдлыг улам тод харуулж эхэллээ.

Өчигдөр АН-ын бүлгийн даргаар хэнийг болгох тухай асуудлыг хэлэлцсэн ч хойшлуулсан мэдээтэй. АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Х.Тэмүжинг бүлгийн даргад нэр дэвшүүлсэн ч, эсрэг тал нь Д.Түвшин гишүүнийг санал болгож.

Уг асуудлыг шийдвэрлэхээс өмнө маргааш хуралдахаар төлөвлөсөн ҮБХ-ны хуралдаанаар АН-ын генсек болон 5 дэд даргыг томилох асуудлыг хэлэлцсний дараа болохоор болсон бололтой.

Мөн үүний сацуу АН-ын ҮБХ-ноос томилсон Улс төрийн Зөвлөл /УТЗ/-ийг Хяналтын Ерөнхий хороо нь татан буулгасан тогтоол гаргалаа хэмээх мэдээллийг зарим сайтууд мэдээлсэн.

Хяналтын Ерөнхий хорооны дарга болсон З.Энхболдод шүүхээс 2 жилийн хорих ял өгсөн тул түүний оронд Ш.Түвдэндорж ХЕХ-ны дарга болсон аж. Гэхдээ УТЗ-өө ХЕХ нь татан буулгасан гэдэг нь худал мэдээлэл аж.

АН-ын энэхүү тэмцэл нь намын генсек хэн болох, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн сонгогдох вэ гэсэн асуудалд байгаа нь тодорхой байна. Ингээд С.Баярцогтыг дэмжиж байгаа тал ялах уу, “Женко” буюу Х.Баттулгын тал ялах уу хэмээх хуваагдал хэдийн үүсчээ.

Маргааш болох АН-ын ҮБХ-ны 69 дүгээр хурлаар уг асуудлуудыг шийдэж чадах уу гэдэг ч сонирхолтой байна. АН-ын зарим гишүүд МАН-ын нийслэл дэх тэмцлийн манарааг АН-ынхны хороондын тэмцэл дарах нь энэ үү хэмээн сошиалд бичиж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn