С.Баяр, С.Баярцогт нар алдаагаа хүлээн зөвшөөрсөн нь сонсголын нэг үр дүн байв

Өнгөрсөн  долоо хоногт монголчууд нийтээрээ Оюутолгойгоор амьсгаллаа.  Энэ сарын 8, 10, 12-ны өдрүүдэд УИХ-ын “Оюу толгой”-н  асуудлаарх Хянан шалгах түр хорооны хяналтын сонсгол үргэлжиллээ.

Эндээс хамгийн гол асуудлууд, гол мессежүүд юу байв, хэн хэний үг олонд илүү хүрэв?

“Рио Тинто” компанитай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаад 16 жил өнгөрч.  Гэрээ ёсоор бол өдийд Монгол улс өөрт оногдох хувьдаа тохирсон ногдол ашгаа  авч байх учиртай ч эсрэгээрээ 19 тэрбум ам.долларын өрөнд орчихсон тууж яваа.

Жилд “Рио Тинто”-д 4.7 тэрбумын зээлийн хүү төлдөг гэж зарим нь хэлэх ч шинжээчийн дүгнэлтээр “Рио тинто”-д жилд 4.3 их наяд, өдөрт 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байгаа аж.

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зээл авах, зээлийн хүү өндөр тогтоох нөхцөлтэйг шинжээч онцолсон. Хувь нийлүүлэгчдийн болоод хөрөнгө оруулалтын гэрээнүүд нь баялгийн эзэн Монгол Улсын эрх ашгийг хангаагүй, хөрөнгө оруулагчид илүү  ашигтай. Менежментийн төлбөрийг зардлаас шууд тооцдог учир компани зардлаа нэмэгдүүлэх замаар өөрийн ашгаа улам нэмэгдүүлдэг ажээ.

Тэгээд ч манай Засгийн газраас томилсон ТУЗ-ийн гишүүд, “Эрдэнэс Оюутолгой” компани ч  хяналт тавьж чаддаггүй. Засын хяналт ч сул байсаар иржээ.

Гэрээг анх байгуулагсадын нэг Сангийн сайд асан С.Баярцогтын үгээр бол 2011 онд гэрээг сайжруулсан ч 2015-нд оны Дубайн гэрээгээр “муужруулсан” аж.

Оюутолгой ордын хоёр талд “Жавхлант”, “Шивээ толгой” хэмээх хоёр газарт “Онтрэ” хэмээх Канадын компани нийт нөөцийнх нь 30 гаруй хувийг эзэмшиж байгаа гэх асуудал байна.

Энэхүү баялгийг хэрхэн хуваах вэ гэдэг асуудал маш чухал нь харагдлаа. “Онтрэ” хэмээх компаний захирал С.Скотт гэгчийн яриагаар бол “Жавхлант”, “Шивээ толгой” хоёр олигтой юм биш гэх. Гэхдээ түүний Канад дахь хөрөнгө оруулагчдаа ярьдгаар бол маш ашигтай хэмээн Оюутолгойн ТУЗ-ийн Монголын талын гишүүнээр 5 жил ажилласан Э.Баясгалан мэдэгдсэн.

Монголын  Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг “Оюутолгой” хэмээх  хамтарсан компани С.Мөнхсүх гэдэг монгол захиралтай болсон ч тэр Монголынхоо төлөө гэхээсээ илүү цаад буюу “Рио Тинто”-гийн эзэддээ илүү үйлчлэх нь ярианаасаа тодорхой. Өндөр цалин хангамж авдаг хүн тэр талдаа үйлчлэх нь зах зээлийн зарчим гэлцэнэ.

Манай улс цаашид Оюутолгойн борлуулалтын орлогыг Монгол Улсынхаа банкаар авах, лаборатор  байгуулах, усны нөөцийн, ус бохирдуулсны төлбөр авах гээд олон асуудал сонсголын үеэр хөндөгдлөө.

Манай улсад оногдох үр өгөөж нь 27 хувьтай, үүнийг Г.Занданшатарын Засгийн газрын эхлүүлээд байгаа шинэ хэлэлцээрээр 53 хувьд хүргэх зорилготой байгаа гэнэ.

Тиймээс л энэ удаагийн УИХ-аас зохион байгуулсан Хяналтын түр хорооны сонсголыг нийтээрээ чих тавин хүлээсэн байх.

Ирэх сард энэ удаагийн  сонсголын тайлангаа УИХ-д танилцуулах аж.

Хянан шалгах түр хорооны гишүүд, тэдний хэлж, ярьж байгааг харахад МАН болон УИХ-д үүссэн хоёр бүлгийн эрх ашиг нэвт үнэртэнэ. Зарим нь буруутгах гэж л буруутгана.Монгол Улсад гуравдагч хөршийн  эрх ашиг бүхий хөрөнгө оруулалт чухал ч “Оюутолгой”-д “Рио Тинто” дураараа авирлаж байгаа шиг аашилбал хамаг юмаа дээрэмдүүлээд дуусах нь ойлгомжтой.

Оюутолгойн сонсголын үеэр хэн юу хэлэв?

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:

Монголын тал 51 хувийг эзэмших чиглэл баримталж байсан ч 2009 оны гэрээ Монгол Улсад ашиггүйгээр батлагдсан. Би Ерөнхийлөгч байсан бол 2009 онд гэрээг хэрхэвч батлуулахгүй байсан.

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан :

Ямар ч компанийн хувьцаа эзэмшигч ногдол ашгаа авахгүй зээлээ төлье гэдэггүй. Яагаад заавал зээл төлж дууссаны дараа ногдол ашиг авна гэж гэрээнд тусгасан бэ? Ногдол ашиг өгөх талаар стратеги ч боловсруулаагүй. 2025 оноос үйл ажиллагаа жигдрээд зээлдүүлэгч болоод хувьцаа эзэмшигчдэд ашгаа өгөх байсан. Нэг тэрбум ам.долларын ашиг хуваах байтал гэрээнд заасны дагуу Монголд зээл төлж дууссаны дараа гээд 2037-2038 он болж хойшилж байна.

Ерөнхий сайд асан С.Баяр :

УИХ-ын 57-р тогтоол хуулиас давсан. 34 хувь гэж тохирсон нь буруу байж. Хүртэх үр өгөөжийг гэрээнд тусгаагүй нь миний алдаа.

Харин Сангийн сайд асан С.Баярцогт “Тусгай АМНАТ л авах байсан юм” гэлээ. Мөн тэрбээр 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын ЗГХЭГ-ын дарга сайд байхдаа Дубайн гэрээнд оролцоогүй эсэргүүцэж байсан гэв. Тэр үед Оюутолгойн ТУЗ-д байсан Г.Тэмүүлэн Дубайн гэрээг эсэргүүцснээсээ болж ТУЗ-өөс гар байсан аж.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл 34 хувь дээр менежментээ хийж чадаагүй хэмээсэн.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-аас гэмшиж байгаагаа хүлээжээ.  Ц.Элбэгдорж “Рио тинто”-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон” хэмээн жиргэлээ.

УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан “Өдөрт нэг цэцэрлэг барих мөнгө орж ирэх биш бид өдөрт зээлийн хүүд 10 тэрбумыг төлдөг юм уу, цус харвалаа” хэмээн сандарч байсан.

УИХ-ын гишүүн Э.Болормаа “Гэрээг уншихад маш хэцүү байна. Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд юу хийсэн юм бэ. Зарим заалт нь Монгол Улсын эрх ашгийг дэмждэггүй. Улс орны эрх ашгийг бодсон асуудлыг ярих хэрэгтэй”

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Төрийн албан хаагчид юу ч хийээгүй мэт ярьж байна. Би Сангийн сайд байхдаа “Оюутолгой” компанид 1.1 их наяд төгрөгийн татварын акт тавьж, 2.3 их наяд төгрөгөөр зардлыг бууруулсан. 2011 оноос хойш хүүг бууруулж, 1.7 их наяд төгрөг хэмнэсэн. Монголын төр энэ дээр тасралтгүй ажиллаж ирсэн”

УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр “Оюутолгойн үйлдвэрлэлийн нөөц 2051 он, геологийн нөөц 2100 он гэх мэтээр ярьж байна. Монгол Улсын эрх ашгийг хамгаалах тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. Усны хэрэглээ, менежментийн зардал зэрэг асуудал хяналтгүй байна”

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулсан ч гадны хөрөнгө оруулагч тал Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын хууль тогтоомжийг бүрэн биелүүлээгүй. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа сул, гэрээний заалтууд хэрэгжээгүйгээс асуудал үүссэн”гэв.

 

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn