Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хувийн эрх зүйн асуудлыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь гэр бүл, хүүхдийн эрхийг хангахад хангалтгүй, хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн асуудлыг бүрэн зохицуулж чадахгүй байна. Гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байна. Мөн гэр бүлийн хамтын өмч, хөрөнгийн зохицуулалт, гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах нь гэр бүл, өв залгамжлах эрх зүйгээр хэрхэн зохицуулахыг уг хууль бүрэн зохицуулж чадахгүй байна. Иймээс хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй асуудлыг тусгалаа.
Нэгдүгээрт,
Монгол Улс гэрлэлтийн тоо нэмэгдэж байгаа ч гэр бүл цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь зохицуулаагүй тохиолдол цөөнгүй байна. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг эхийн асуудлыг гэрлэлт цуцлалттай хамт заавал шийдвэрлэхээр тусгалаа.
Хоёрдугаарт,
хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг амьжиргааны доод хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн амьжиргааны орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтоох, хүүхдийн тэтгэлгийг 18 доош насны болон асаргаа сувилгаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгалаа.
Гуравдугаарт,
гэрлэлт дуусгавар болсноос хойш тусдаа амьдрахаар болсон эцэг, эх хүүхэдтэйгээ уулзах эрхийг хуульчилж, хүүхэдтэйгээ уулзахгүй эсвэл уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан уулзуулна
Дөрөвдүгээрт,
гэрлэлтийн гэрээ байгуулсан бол дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүлсэн
Тавдугаарт,
Таваас дээш жил хамт амьдарсан хамтран амьдрагчийн хамтран амьдрал дууссан бол гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган тусгалаа.
Зургадугаарт,
цус ойртолтоос сэргийлж, гэрлэлтээс өмнө садан төрлөө шалгуулахаар тусгасан.
Долдугаарт,
хүүхдийг үрчлүүлэхдээ Засаг дарга бус шүүх шийдвэрлэдэг байна.
Наймдугаарт,
хүүхэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо гэр бүлийн орчин нөхцөлийг хангаж, асралт гэр бүлийн талаар тусгасан
Есдүгээрт,
гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд гэрлэлт цуцлуулсан бол буруутай гэрлэгчийн сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, нөгөө тал дундын эд хөрөнгөө хуваах талаар тусгасан. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцаанаас гэрлэлтээ цуцлуулсан бол хүүхэд буруутай эцэг, эхээ тэжээн, тэтгэх үүрэггүй.
Аравдугаарт, Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэр бүл дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг эх байхаар мөн өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болсон бол өөр хүний бэлгийн эс ашигласан хүнийг хүүхдийн эцэг байхаар тусгалаа. Хуулийн төслийг дагалдуулан 10 хуулийн төсөлд өөрчлөлт оруулна”гэлээ.
