Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр орой цахилгаан эрчим хүчний хэрэглээний оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” дээр очиж үйл ажиллагаатай нь танилцав.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тус цахилгаан станцыг шуудхан л “Гал алдахад бэлэн байгаа” хэмээв.
ТЭЦ-4 гэж олны нэрлэдэг тус төрийн өмчит компани нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 хувийг дангаар хангадаг.
Гэтэл тус компанийн богино хугацаат өр төлбөр нь л гэхэд 78,4 тэрбум төгрөгт хүрсэн гэж компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулжээ.
Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх санхүүгийн чадваргүй болсон учраас улсын төсвөөс зээлийг төлж барагдуулах хүсэлт ч тавив.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвөөс өр зээл төлөх боломжгүй. Харин компанийн үргүй зардлыг бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллах ёстойг сануулжээ.
Г.Занданшатар “Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангатга. Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш зардлаа хэмнэх тооцооллыг хийж, хэрэгжүүл. Үрэлгэн байдлаа цэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үнэ нэмэхийг хүлээж авахгүй байгаа юм” хэмээн хэлжээ.
“ДЦС-4” өнөөдрийн байдлаар эрчим хүчний нүүрсний 19 хоногийн нөөцтэй гэнэ. Өвлийн ид оргил ачааллын үед бэлэн байдлаа дээшлүүлэхийн тулд уг нөөцийг 30 хоног болгож нэмэгдүүлж, нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгав.
Улмаар “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хийсэн шалгалтаар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д хэд хэдэн зөрчил илэрсэн юм хэмээн Засгийн газрын мэдээнд дурджээ.
Эндээс харвал ТЭЦ-4-ийн алдагдалтай ажиллагаа, өр төлбөрийн асуудлыг толгой компани нь болох “Эрчист Монгол”-той холбож үзэж байгаа бололтой.
Ерөнхий сайд Г.Занданшатарын ТЭЦ-4 дээр очоод хэлсэн нэг содон үг нь “Засаглалаа сайжруул” гэсэн үг байв.
Ер нь Монголын төр өмч ихтэй, тэр хэрээр авлигад автсан нь цэвэр засаглалын асуудал мөн. Гэхдээ Ерөнхий сайд зүгээр л “Засаглалаа сайжруул” гээд хэлчихээр сайжирчихдаг зүйл биш.
Засаглалыг сайжруулахын тулд тодорхой бодлого, бас тодорхой ажиллагаа хэрэгтэй.
Тухайлбал, компанийн Төлөөлөн удирдах зөвлөл буюу ТУЗ-ийг хараат бус, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхээс эхэлнэ.
Дараа нь мэдээж гүйцэтгэх удирдлагад мэргэжлийн хүнийг сонгон шалгаруулалтаар томилох ёстой. Харин аль нэг улс төрчийн шахааны хүнийг томилбол байдал өөрчлөгдөхгүй. Авлигал, үрэлгэн байдал улам гаарч, Б.Чойжилсүрэн сайдын хэлсэнчлэн жинхэнээсээ гал алдана.
Санхүүгийн ил тод байдал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хүний нөөцийн бодлого мэргэжлийн байх, худалдан авалт, тендэр ил тод байх гэх зэргээр хатуу бодлого хэрэгтэй бөгөөд үүний төлөө нэгэн дуугаар зүтгэж, ажиллаж байж засаглал сайжирна.
