Ц.Туваан:МАН-ынхан жоомоо алах гээд  байшингаа шатаачихав даа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сүүлийн хэд хоногийн турш хамтарсан Засгийн газрын өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд урд хөрштэй  байгуулсан төмөр замын хил холболтын гэрээ, нүүрсээ урт хугацаанд тогтвортой худалдах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц гэрээг “Маш ноцтой гэрээ. УИХ-аар гэрлийн хурдаар хэлэлцүүлээд батлуулсан. Хятадын талаас тулган шаардсан. Тиймээс энэ гэрээг засаач ээ. Гэрээний цаана  Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нуугдаж байгаа” гэхчилэн ярьж, түүний яриаг сошиалаар мөнгө төлөн битүү түгээж байгаа.

Тэгвэл гэрээнд Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Намын даргын сонгуулиас болж жоомоо алаад байшингаа шатаачихвий” гэлээ.

 

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан:

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан өнөөдөр Гашуун сухайт-Ганц модны хил холболтын төмөр замын гэрээг тайлбарлалаа.

“Монгол улс далан жилийн дараа  төмөр замын хоёр  дахь гарцтай  болсон.Хорин жил улстөржиж, өргөн, нарийн царигтай болно, болохгүй гэж явсаар хамтарсан Засгийн газрын  үед ажил хэрэг болсон.

Гашуун сухайт, Ганц модны хил холболтын төмөр замын асуудал бол УИХ-ын филтерээр  гурван  удаа орж байж хийгдсэн гэрээ. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиг нэртэй Их хурлын тогтоол гарч, үүнийг  Засгийн газар хоорондын хэлэлцээр болгож батлуулсан.

Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Чиг үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд миний бие  болон Зам тээврийн сайд Дэлгэрсайхан бид хоёр Засгийн газраа төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан.

Ингээд  Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн дагуу энэ Засгийн газар  хоорондын хэлэлцээр маань дахин УИХ-аар орж соёрхон батлагдсан. Ингэхдээ 100-гаад УИХ-ын гишүүний  дэмжлэгтэйгээр батлагдсан ийм хэлэлцээр байгаа.

Монгол Улсын өмнөд хөрштэйгөө хийж байгаа  урт хугацаанд нүүрс борлуулах хэлэлцээрүүдээс ялгаатай нь УИХ-аар гурван  удаа орж  хийгдсэн хэлэлцээр шүү.

За нууцын асуудал яригдаж байгаа.  Энэ  дээр ямар ч нууцсаад байх юм байхгүй. Манай  Монгол улс шиг  Засгийн газрынхаа  хэлэлцээрийг ийм ил нээлттэй  хэлэлцдэг улс бараг байдаггүй юм байна лээ.

Тов тодорхой хэлэх өөр нэг юм бол “Эрдэнэс Тавантолгой”  компани хоёрхон нөхцөлөөр нүүрс борлуулж байгаа шүү. Үүний нэг нь бол уурхайн биржээр,  нөгөөдөх нь урт хугацаанд  тогтвортой гэрээ хийгээд борлуулж байгаа.

Өмнө нь ч явагдаж  байсан,  өнөөдөр ч явагдаж байгаа дөрвөн  компани дээр нэмэгдээд “Чайна Энержи”  компани ороод,  БНХАУ-ын төрийн өмч голлосон таван  компанитай урт хугацааны нүүрс борлуулалтыг ЭТТ уурхай дээрээс ам нөхцөлөөр хийж байгаа.

Гэтэл энэ хоёрын зөрөөг хольж яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл,  уур уурхайн биржээр зарсан үнэ маань амны үнэ дээр нэмэх нь тээврийн зардал ороод БНХАУ-ын Ганц мод боомт дээр очиж буух үеийн үнэ шүү. Тэр хямдхан гэж яриад байгаа үнэ чинь өөрөө амны үнэ шүү. Энэ дээр тээврийн зардал орно гэдгийг бас хэлье. Энэ тээврийн зардлыг оруулахгүйгээр зөрөө гаргаж ярьж байгаа нь андуу ойлголт.

Саяхан  нүүрсний борлуулалтын  үнэ унаад, нүүрсээ борлуулж чадахгүй нөхцөл байдалд  хүрсэн. Өнөөдөр ч гэсэн уурхайн биржээр  шажигнатал зарагдаж байгаа юм бол байхгүй. Нэлээд өндөр үнэ тавьсан.Энэ үнэ бол тогтвортой таван компанийн борлуулагдаж байгаа нүүрснээс 4-5 дахин бага нүүрс зарж байгаа.

Үнэ бол 1-3 сарын хугацаанд  томьёогоороо шинчлэгдэж байдаг.Түүнээс биш 50 ам.доллароор 16 жилийн турш нүүрсээ зарна гэдэг зүйл байхгүй.

“Гурвыг цогцоор нь” гэдэг асуудлыг тайлбарлаж өгье.

  • Нэг дэх нь, Төмөр замын хил холболтын асуудал. Үүнийг  эхлэх гээд бэлтгэл ажлаа хангах шатан дээр явж байгаа.
  • Хоёр дахь нь,нүүрс борлуулалтын гэрээ байгаа. Энэ гэрээ бол ямар ч бартер, ямар ч зээл,  төмөр замаар солих асуудал байхгүй. Энэ “Чайна Энержи” компани мөнгөө төлөөд, тэр мөнгө нь Монгол Улсын дансанд орж байгаа,  шууд борлуулагдаж байгаа гэрээ шүү гэдгийг бас хэлье.
  • Гурав дахь нь, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх буюу Онч хараат,  Бор толгой гэдэг хоёр ордын хайгуулыг нь баталгаажуулаад,  тэндээс олборлолтоо нэмэгдүүлэх асуудал. Энэ бол зөвхөн судалгааныхаа шатанд явж байгаа асуудал.

Тэр  247 сая тонн нүүрс гээд яриад байна.  Энэ бол бол эхний 3 жилдээ жил бүр 5 сая, нийтдээ 15 сая, дөрөв, тав дахь жилдээ тус бүр зургаан сая гээд энэ таван жилд нийт 27 сая тонн нүүрс борлуулах юм.  Зургаа дахь жилээс эхлээд тэр хоёр орд ашиглалтад орсноор Тавантолгойн хүчин чадал нэмэгдэж,  жилдээ 20 сая тонн нүүрсийг нэмж борлуулах боломж бүрдэнэ.

За дээрээс нь 2024 онд бид  83 сая тонн нүүрс  экспортод гаргасан.  Үүний бараг 90 хувийг нь  авто замаар экспортод гаргасан. Бид  энэнээс дээш нь нэмэх ямар ч боломж байхгүй. Төмөр замын  боомтуудыг ашиглалтад оруулж,  төмөр замын тээврийг зэрэгцүүлж оруулж ирснээр нүүрснийхээ экспортыг нэг дахин нэмэгдүүлэх  боломжтой.

Тийм ч учраас хамтарсан Засгийн газар  энэ чиглэл рүү маш хүчтэй ажиллаж гэрээг хийж чадсан.  Шивээ хүрэн, Сэхээ, Бичигт, Зүүн хатавч, Ханги Мандалын боомтуудын ажил руу  аль хэдийнэ  ороод явж байх цаг хугацааг бид алдаж байна.

Дээрээс нь хэлэх бас нэг зүйл бол   зөвхөн  “Чайна Энержи”-тэй биш,    “Норенко”,” Чалко”, “”Жайо”,  “Экоммерс”  гээд нийт таван  компанитай  урт хугацааны хэлэлцээрээр нүүрсээ борлуулж байгаа.  Энэ дундаас “Чайна Энержи”-тэй хийгдэж байгаа  ажлууд бол  Их хурлын шүүлтүүрээр хоёр  дахин ороод хийгдэж байгаа ажлууд шүү:

Чуулганы нээлт дээр зарим хүмүүс илт гүтгэж ярьж байгаа. Бид  жоомоо алах гээд гэрээ шатаасантай адилхан үлгэр болох вий. Энэ хүнд нөхцөлд бидэнд  мөнгө санхүү маш их дутагдаж байгаа. Хэрэгцээтэй төсөв танагдаж,  ахмадууд тэтгэврээ нэмэх шаардлага тавих гэх  мэт бэрхшээлтэй үед асуудлуудаа улс төржүүлж, намын даргын сонгох сонгуулиас болж, нэгнээ    харлуулах байдлаар битгийг ашиглаачээ гэж хүсэж байна.

Энэ гэрээг хүсвэл зогсоож болно. Хэрвээ зогсох юм бол Монгол Улсад маш  хохиролтой зүйл болно оо. Тиймээс намынхаа асуудлыг нам дотроо  яг АН шиг  ярилцаад асуудлаа шийдээд явахгүй бол энэ хүрээнээсээ гараад явах нь улсын эрх ашигт, иргэдийн амь амьжиргаанд хортой шийдвэр болно шүү.

Тогтвортой байдлаар таван компанийн үнэ бол дандаа хатуу коксжих нүүрс. “Чайна Энержи”-тэй гэрээ хийхэд УИХ-аас сорчлохгүй гэсэн даалгавар өгсөн учраас  55 хувьд нь хатуу кокс,  гуравны нэгд нь  коксжих нүүрс, 10 хувьд нь эрчим хүчний нүүрс гаргаж байгаа.

Засгийн газар бол ерөнхий хэлэлцээр байгуулсан.  Үүнийг нүүрс борлуулах,  уурхайн хүчин чадал нэмэгдүүлэх,  төмөр замын гээд олон асуудлуудыг  “Эрдэнэс Таван толгой”, төмөр замын агентлаг шийдээд явна аа.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд  Азийн өвлийн спортын наадам БНХАУ-д болсон.   БНХАУ-ын  Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чан Монгол улсын ерөнхий сайдыг энэ арга хэмжээндээ урьсан. Хоёр  улсын  төрийн өндөрлөгүүд  уулзах мөч нь БНХАУ-д байсан учраас тэнд зурсан гэдгийг хэлье. Гадаад яамныхан бүх мэдээллийг нь аваад зохион байгуулаад зурсан. Энэхүү хэлэлцээрт УИХ-ын шүүлтүүрээс гадна  Монгол Улсын хүчний бүх байгууллагууд, АТГ, Тагнуул, Цагдаа бүгдээрээ хяналтаа тавьсан.

Яагаад хил холболтын гэрээгээ хийхгүй, гуя дагуулж хүзүү гэдэг шиг    экспортын гэрээ, олборлолтын гэрээ хийсэн юм бэ гэдэг асуудал. Ер нь бол 2003 оны үеэс энэ асуудал яригдсан юм байна лээ. 20 гаруй жил улстөржөөд, монголчууд бол барьцгүй гэдэг имижтэй болчихсон.Яг өнөөдрийн нөхцөл байдлыг харчихаад байна шүү дээ. Тийм учраас гадны тал хаширлаж, энэ гурвыг хамтад нь хийе гэсэн. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх,  нүүрс худалдах худалдан авах,  төмөр замын холболтын асуудал гээд.

Урд хөрш рүү гарах хоёр дахь энэ төмөр зам бол ганцхан нүүрсний зам биш. Энэ бол Тяньжиньий дээд талын боомт гээд хоёр  боомтоор шууд яваад далайд хүрэх ач холбогдолтой.

Манай талаас авлига аваад ийм гэрээ хийчихлээ гэдэг мэдээлэл цацагдаад байна л даа. Үнэхээр боломжтой юу? Хариуцлагатайгаар хэлье.  Шалгуулахад   татгалзах зүйл байхгүй. Зарим хүмүүс өөр шигээ бодоод байгаа бололтой.

Би бол энэ гэрээ хэлэлцээрийг  байгуулсандаа  бахархдаг. Маш олон жил гацсан төсөл учраас энэний ард харин аравхан сар ажилласан ч гэсэн хамтарсан Засгийн газар гарсан. Улс хооронд маш өндөр түвшинд хийгдсэн энэ ажил маань битгий зогсчихоосой  гэж л хүсэж байна.

Хамтарсан Засгийн газрын хийсэн бүх ажил муухай харагдаад байгаа бол Ажлын хэсэг гаргаад зогсоож болно.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn