Өндөр уул боловч цуурай түрэн уярна…

Ардын  болон нийтийн дууны өнгөний айзам хэмнэлийг баяжуулан, хөгжүүлж, өөрийн гэсэн өнгө төрх нэмж, ур дүйтэй дуулах хэв маяг бий болгосноороо дууны  урлагт үнэлж баршгүй өв үлдээсэн  БНМАУ-ын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн “Зууны 100 эмэгтэй” номонд гарсан хөрөг нийтлэлийг хүргэж байна.

***

Халиун малгай духан дээр

Хайрын дуу хоолой дээр

Хамт олон чинь чуупга дээр

Хааяа хааяа найран дээр

Хай даа чи “оддоос” дээр

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлд зориулан Ардын уран зохиолч Тангадын Галсан ийнхүү шүлэглэсэн нь бий. Түүнийг тэнгэрийн оддын дээр “залан” магтсан нь хэтрүүлэг мэт боловч үнэндээ бол Түмэндэмбэрэлийн авьяас билгийг энэ хэдхэн мөртөөр илэрхийлжээ. Гомбын Түмэндэмбэрэл хэмээх эрхэм хүмүүн 60 нас хүрэлгүй хорвоог орхисон ч хэдэн жарнаар дуурсагдах үнэт өвийг монголчуудын сонорт, сэтгэлд үлдээсэн юм.

Тэр 10-аад жил дуулаад л  25 насандаа 1964 онд БНМАУ-ын  Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан юм. 1980 онд Ардын жүжигчин  болохдоо  алдар нэрээрээ өөртөө аль хэдийнэ хөшөө босгоод байлаа. Тэрээр  ардын болон зохиолын 400-гаад дууг эзэмшсэнээс 200 орчим дууг тайзнаа дуулжээ.

Монголын шинэ үеийн соён гэгээрүүлэгчдийн нэг, Төрийн шагналт Л.Ванган  түүнийг алтан тайз руу хөтөлсөн гэдэг. 1939 онд Увс аймгийн Өндөрхангай сумын  Сангараг хэмээх газарт төрж, бусдын л жишгээр сумынхаа сургуульд сурч, долдугаар анги төгссөн Гомбын Түмэндэмбэрэл бага насныхаа тухай “Би найрын дуунд, ингэний буйлаанд  уярч, уйлдаг уяхан хүүхэд байсан. Энэ бол хар багаас үзсэн өнчин, ядуу  амьдралаас минь үлдсэн хурц мэдрэмж байсан биз. Ер нь багадаа дуулж явсангүй, харин дээлээ дэлгэж тавиад   нугардаг, бүжиглэх дуртай. Циркчин, эсвэл бүжигчин болох мөрөөдөлтэй байсан би долдугаар ангид байхдаа аймгийн төв орж, урлагийн үзлэгт шалгуулах боллоо. Сумаасаа нэлээд хэдүүл ачааны машинд суугаад, Улаангом руу хөдлөв. Ингээд урлагийн үзлэгт орлоо. Тэнд хоёр хүн байсан. Миний нугаралт тэдэнд боломжийн санагдсан юм байлгүй намхан бор хүн нь “Энэ намар Улаанбаатар хот орж, урлагийн сургуулийн циркийн ангид ороорой” гэсэн юм.

Сүүлд мэдэх нь ээ, тэр хүн Л.Ванган гуай байсан. Тухайн үед тэрбээр Урлагийн хорооны орлогч дарга байжээ. Би арваннэгдүгээр сар гаргаад хотод очиход сургууль эхэлчихсэн байв. Яалтай билээ, амьдрах л хэрэгтэй. Ингээд 15 настайдаа Аж үйлдвэрийн комбинатын эсгий, эсгий гутлын фабрикт ажилчин боллоо. Ингэж байтал нэг удаа ажилчны клубт нөгөөх том нүдтэй, намхан бор хүнийг олж харсан минь их аз. Нөгөөх хүн намайг  таньж байна. Бүр нутгийн минь дүү нарын өхөөрдөн дууддаг “Дэмбээ” гэдэг нэрээр минь дуудаж, мэнд ус асуусан. Би түүнд хамаг юмаа л ярилаа. Тэгтэл нэг зурвас бичээд “Цэргийн ансамблийн Цэрэндорж гэдэг хүнд аваачиж өг” гэснийх нь дагуу яваад очлоо.

Намайг нэг өрөөнд оруулаад, дуулуулж үзсэнээ Цэрэндорж гуай “Чамд ямар ч авьяас алга. Дахиж бусдын цагийг үрэх хэрэггүй. Үйлдвэртээ л сайн ажилла” гэж зөвлөв. Тэндээс би нулимсаа дуслуулсаар гарсан. Нөгөөдөр нь бас л Ванган гуайгаас зурвас авч, Улсын ардын дуу, бүжгийн чуулгад очлоо. Хөгжмийн зохиолч Т.Чимэддорж намайг шалгаж “Нахиугийн харгай”, “Цомбон туурайтай хүрэн”-г дуулуулаад, дагалдан дуулаачаар авсан, 1957 онд шүү дээ. Тэр жилдээ ЗХУ-ын Москва хотод Дэлхийн залуучууд, оюутны их наадамд оролцож хоёр дуу дуулсан” гэж 1981 оны гуравдугаар сард “Залуучуудын үнэн” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Аж үйлдвэрийн комбинатын эсгий, эсгий гутлын үйлдвэрийн ажилчин, 17 настай охин Монголын дууны урлагт цахиур хагалах эхлэлээ ийнхүү тавьсан аж.

“Ямар ч авьяасгүй” гэсэн үг түүний нөр хөдөлмөр, хичээнгүй зан, асар их тэмүүллийг дарж чадаагүй юм.  Г.Түмэндэмбэрэлийг хорвоод мэндлэх үед аав нь Халхын голд тулалдаж явжээ. Охиныг дөрөвхөн настай байхад ээж нь тэнгэрт хальсан учир эмээгийнхээ асрамжид очив. Аав нь 1946 онд цэргээс халагдаж, найман настай охиноо өөр дээрээ авсан гэдэг. Ийм л товчхон намтартай жаахан охин дуурсагдах түүхтэй дуучин болсон бөлгөө.

Аядуу, зөөлөн хэрнээ гайхалтай уянгалаг дуулдгаараа түмэн олны сонорт  мөнхөрсөн Г.Түмэндэмбэрэлийг ид туурвиж байх үед ардын дууг нэгэн хэв маягаар, уламжлалаас халилгүй дуулдаг хэв маяг зонхилж байлаа.

Тэгвэл тэрбээр  өөрийн хоолойн өнгө, цараанд тохируулан  зөөлөн хэрнээ тунчиг донжтой, басхүү сэтгэл татам уянгалаг дуулахын зэрэгцээ тухайн бүтээлийг хээнцэр болгож, уран, нарийн нугалаануудыг шигтгэдэг  байсан нь дуучны мэдрэмжийн илэрхийллээс гадна шинийг эрэлхийлэгч зан чанартай нь холбоотой. Энэ бүхэн бол түүний бий болгосон дуулах урлагийн техник билээ. Тийм ч учраас ардын, нийтийн дууны өнгөний айзам хэмнэлийг баяжуулан, хөгжүүлсэн гэж түүнийг үнэлдэг юм.

Тэрбээр байгаль эхээс заяасан авьяасаас гадна хөдөлмөрч, шаргуу зан чанараараа дуулаачийн нарийн ур чадварыг төгс  эзэмшсэний зэрэгцээ ардын дуунд өөрийн гэсэн өнгө төрх нэмж, ур дүйтэй дуулах хэв маягийг бий болгосон гэдгийг тухайн үеийн Монголын урлагийн томчууд, нэртэй хөгжмийн зохиолчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн билээ.

Ардын болон зохиолын 400-гаад дуу амьдруулсан Г.Түмэндэмбэрэлийн тэрхүү өвөрмөц техникийн талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараа гуай “Түмэндэмбэрэлийнх шиг хөг аялгуу өдгөө манай ардын дууны урлагт маш их үгүйлэгдэж байна” гэж өгүүлсэн.

Монголын мэргэжилтэй анхны ятгачдын нэг, “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Б.Наранбаатар “ХХ зууны мундаг дуучин Г.Түмэндэмбэрэлтэй танилцаж, хамтран уран бүтээл хийх завшаан, хувь тавилан надад тохиосонд үргэлж бэлгэшээдэг. УАДБЧ-д томилогдсон дөрвөн эрэгтэй ятгачныг Түмэндэмбэрэл хэмээх агуу дуучинтай хамтран уран бүтээл хийлгэхээр Уран сайхны зөвлөл шийдсэн юм. Энэ нь маш өвөрмөц, эргэлт болсон шийдвэр байсан гэж боддог. Хөгжмийн зохиолч Г.Цэрэндорж багш маань “Түмэндэмбэрэл ятгын дөрвөн залуутай хамтарч уран бүтээл хийнэ шүү” гэсэн.  Тэгтэл Түмээ эгч “Та нар надад хамгийн мууг нь өгч байгаа биз” гэж байсан ч биднийг голоогүй юм. Тэр үеэс л ятгын дөрвөлтэй дуулдаг хэв маяг гарч ирсэн.

Бид Түмээ эгчтэйгээ төрийн том арга хэмжээ, концертод байнга оролцдог байлаа. Мэргэжлээрээ ажиллаж байгаа нэртэй ч театрын хар бор ажил болгонд дайчлагдаж, хадланд хүртэл явдаг байсан нөгөөх дөрвөн эрэгтэй ятгачин Түмэндэмбэрэл гэдэг том дуучинтай  хоршоод ёстой л “хаданд гарч”, цалин хөлс ч нэмэгдсэн. Гадаадад ч хамт явсан. Тэгэхээр би энэ хүний ач тусыг хэзээ ч мартдаггүй. Яагаад гэвэл бидний дөрвөн эрэгтэй ятгачны амьдралыг өөрчилсөн хүн юм. Түмээ эгч мэдрэмж, дууны өнгө, хоолой, амьсгааны хуваарилалт, аялга, хаялга, намба гээд үнэхээр онцгой дуучин байлаа.

Өнгөц харахад хэнэггүй мэт боловч ажилдаа махруу, юманд маш суурьтай хандана. Хийсэн болгон нь хүлээн зөвшөөрөгддөг даацтай уран бүтээлч. Зохиолын олон дуу түүний нөр хөдөлмөрөөр амилсан. Миний бодлоор манай эстрадын дээгүүр орох анхны дуучин бол Г.Түмэндэмбэрэл. Яагаад гэвэл, “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдахаас өмнө циркийн дагшаа, жааз найрал хөгжимтэй “Хэен хуар” дууг ямар гоё найруулгатай дуулсан гэж санана.

Монголын ардын дууны урлагт их зүйл хийсэн, онцгой гавьяатай хүн бол Түмэндэмбэрэл гэдгийг мартах ёсгүй. Өнөөдөр хүртэл түүнийг үгүйлдэг хүмүүс байсаар байгаа нь хэр дуучин байсныг нь гэрчлэх байх. Түмээ эгчийн дуулахыг өвөрмонголчууд шүтдэг, бараг биднээс илүү мэднэ шүү. Өвөрмонголын урлагийн алдартай нэгэн төлөөлөгч Түмээ эгчийн тоглолтыг үзээд “Эмэгтэй хүн хэрнээ хүнгэнэсэн, намуухан хэмнэлээр дуулдаг нь үнэхээр гайхалтай” гэж байсан. Тэрбээр дуу болгоныхоо өвөрмөц дүрийг гаргахдаа маш гаргууд. “Янжуур тамхи”-ийг манай олон уран бүтээлч дуулсан ч Түмэндэмбэрэл гуай шиг донжтой нь үгүй. Меццо-альт гэж тодорхойлохоор хоолойтой, дээд өнгөнд нугалаа, аялга хаялга гээд их өвөрмөц хэлбэртэй. Ийм хоолой эмэгтэй дуучдад тэр бүр тохиолдохгүй, тун ховор. Ёстой л байгалиас заяасан хүн. Энэ уран бүтээлчийг тусгайлан судлах хэрэгтэй гэж боддог. Уран бүтээлийнх нь урын сайн шавхагдашгүй. Тиймээс л “Түмэндэмбэрэлийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан зохиож байна” гэж дурслаа.

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл дуулахаас гадна урлагийн хүн ямар байх ёстойг, тайзнаа биеэ хэрхэн авч явахыг үлгэрлэсэн, намбалаг төрхөөрөө дуурайл болсон жинхэнэ уран бүтээлч байсан талаар түүнтэй хамтран ажиллаж байсан олон хүн дурссан. Үүнээс гадна олон залуучуудыг дуулах эрдэмд замчилж, дууны үгийг буруу дуудсанаар утга санааг нь алдуулдаг аюултайг үргэлж зөвлөж, захидаг байжээ.

 

Тэрбээр эл эрдмийг багшаасаа сурсан талаараа “Би Л.Цогзолмаа гуайг насан туршаа хайрлан хүндэтгэж, ачийг нь бодож явах ёстой хүн. Тэр хүн хөдөөгийн бор охиныг дуулаачийн зэрэгт хүргэхийн төлөө мэддэг, чаддаг бүхнээ зориулсан. Дуугаа эхлээд ойлгож ухаарах, ая намбыг нь тааруулах, хүнд хүргэхийн тулд байгаа бүхнийг ашиглах эрдмийг би түүнээс суралцсан. Багшаасаа сурсанчлан би дуугаа эхлээд үгээр нь сэтгэдэг. Муу бэлдэж, хүнд хүрэхгүй дуулсан дуу бол үйлдвэрийн гологдлоос ялгаагүй. Би “Гандан уул” дууг 10-аад жил бэлдэж дуулсан. Д.Лувсаншаравын “Тунгалаг тамир гол” дууг ч арав гаруй жил бэлдэж байгаад тайзнаа дуулсан” гэж ярьж үлдээжээ.

Г.Түмэндэмбэрэл багшийнхаа эрдмийг шавь нартаа түгээж, дууны үгийн учир утгад асар их ач холбогдол өгдөг байсныг гэрчлэх жишээ олон. Түүний шавь, Гавьяат жүжигчин, дуучин Ц.Өлзий-Орших “Би Түмэндэмбэрэл багшийгаа шүтдэг. Урлагийн Янжинлхам бурхны дүр гэж боддог. Багшийн минь сонгон дуулж, амилуулсан дуунууд үргэлж шинээрээ, яг л өчигдрийнх мэт, хуучирдаггүй. Тиймдээ ч өнөөдөр хүртэл түмний сэтгэлд байна. Надад хэлэхдээ “Дууны урлаг бол амьсгалын болоод гүн ухааны бие даасан философи юм шүү. Би дуунуудаа эргээд сонсоход алдаанууд байдаг. Тухайн үедээ болсон мэт санагдавч дараа нь сонсоход алдаагаа мэддэг. Ганц үгийн утга санааг хүртэл сайн тунгаах ёстой. Утга нь, логик нь юу вэ, үүнийг хэнд хүргэх вэ гэдгийг бод.

Миний хүү үгийг сайн бодож, ойлгож, хүнд ярьж өгч байгаа мэт дуулаарай. Тэгэхийн тулд өөрөө эх хэлний боловсролтой, хэмжээ, хэмнэлийг анхаарч, мэдрэмжтэй байх ёстой. Жишээ нь, “харь, хариа” гэдэг үгийг зөв өргөж, хэлэхгүй бол “хайраа” болж сонсогдоно. Чи “Хүүгийн бодол”  дуунд “Холын газар”  гэхийг “Хоолын газар” гэж буруу дууджээ. Иймэрхүү алдаагаа засаж, хойшдоо шавь нартаа ч захиж байгаарай гэж хэлснийг би үргэлж санадаг. Мөн эмэгтэй хүн ямар үгтэй, эрэгтэй нь ямар өнгөтэй дуу дуулбал зохилтойг хүртэл хэлж, мэдрүүлсэн. Энэ мэтээр алхам тутамд минь зааж, залж ирсэн багшийн минь үг болгон үнэтэй сургаал юм. Түүний зөвлөсний дагуу дуулсан дуунууд минь олон нийтийн сэтгэлд хамгийн их таашаагдсан байдаг нь тохиолдлынх биш. Тийм л алсын хараатай хүн байж” гэж ярьсан нь Г.Түмэндэмбэрэл хэмээх дуучин ямар мундаг сурган хүмүүжүүлэгч, удирдагч, зөвлөгч байсныг гэрчилнэ.

Тэрбээр ажил, мэргэжилдээ мундаг шигээ бусдын хүүхдийн төлөө ээжээс нь дутахгүй санаа тавьдгаараа алдартай байжээ. Тиймдээ ч шавь нартаа “Түмээ ээж” гэж хүндлэгдсэн эрхэм юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн  Б.Наранбаатар “Г.Түмэндэмбэрэл гуай залуучууддаа яг л эгч, ээж шиг нь байдаг сан. Буруу, зөрүү явах вий гэж санаа тавьж, манай ээжтэй хүртэл холбоотой байсан. Нэг удаа Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймаг руу томилолтоор явлаа. Би машинд удаан явахаар дотор муухайраад, бөөлждөг. Тэгэхэд Түмээ эгч содтой ус өгөөд л яг өөрийн хүүг бөөцийлж байгаа юм шиг санаа зовж байсан. Хувь хүн талдаа их намуухан хүн шүү дээ, яг л дуулдаг шигээ зөөлөн. Элдэв юм ярьж, задгай, назгай байдал харуулдаггүй төлөв хүн байлаа” гэж онцгой нэгэн хамтрагчаа магтсан юм.

“Багш маань залуучуудад мэддэг, чаддагаа харамгүй заадаг, өөрийн хүүхэд шиг санаж зөвлөдөг сайхан эмэгтэй байсан. Их зарчимч, шулуун, шударга. Сэтгэлд нь нийцэхгүй бол шуудхан л хэлнэ, бүр загнана. Багш бусдад хэзээ ч атаархдаггүй. Дуучид уран бүтээлээрээ өрсөлдөхөөс биш, атаархаж болохгүй гэж захина. Бүтэн, хагас сайн өдөр  эхнэр бид хоёрыг гэртээ дуудаад, өөрийн “брэнд” болсон өрөмтэй будаагаараа их дайлна. Нас барахаасаа өмнө надад өөрийн дуулсан бүх дууныхаа репертуарыг өвлүүлсэн. Үргэлж шавиа бодож, эхийн сэтгэлээр ханддаг байсных нь наад захын жишээ энэ” гэж ярьсан дуучин Ц.Өлзий-Орших нэг удаа бэлтгэлийн танхимд тамхи татчихжээ.

Тэгтэл галын цагдаа ирээд сүйд болоход нь Г.Түмэндэмбэрэл “Миний хүүхдүүд тамхи татдаггүй. Бүжгийн Зоригоо багш бид хоёр татчихлаа, уучлаарай” гэж хэлээд гаргасан гэдэг. ХХ зууны манлай уран бүтээлчдийн нэг Г.Түмэндэмбэрэл гэж ийм л  эгэл хийгээд хүндлэл хүлээсэн эрхэм байв. Урлагийнхны дунд байдаг “цагаан атаархал”, биеэ тоох хандлага түүнд огт байгаагүй гэдэг.

Г.Түмэндэмбэрэл дэлхийн 10 гаруй оронд эх орныхоо соёл, урлагийг сурталчилжээ. Энэтхэг, Солонгос, Вьетнамд ардын дууг нь улс, үндэстнийх нь хэлээр дуулсан Монголын дуучин Түмэндэмбэрэлийн талаар эдгээр орны хэвлэлд шагшин магтсан мэдээ, мэдээлэл олон гарч байжээ.

Ийм их нэр алдар, хүндлэлийг Г.Түмэндэмбэрэл шаргуу хөдөлмөрөөрөө бий болгосон юм. Тиймдээ ч түүний тухай 100 гаруй өгүүлэл, ярилцлага манай хэвлэлүүдэд нийтлэгджээ. “Бүсгүй хүний заяа”,  “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Урсгал тунгалаг Тамир”, “Түвшин жаргалтай бүсгүйчүүд”, “Цэнгэлийн хур”, “Хөх торгон дээл”, “Хувирашгүй сэтгэл” зэрэг олон дууг монголчуудын сэтгэлд хоногшуулан, хадсан агуу дуучин Г.Түмэндэмбэрэл “Тунгалаг тамир гол” дууг 10 гаруй жил бэлдэж байж, тайзнаа дуулсан нь үзэгч, сонсогчдын сэтгэлд нийцэх уран бүтээл “төрүүлэхийн” тулд аливааг ултай судалж, тууштай эзэмшдэг байсан зан чанарыг нь илтгэнэ.

Дөрвөн сайхан охины ээж Г.Түмэндэмбэрэл дээрх залуучуудад хандан “Амьдралд үргэлж тэсвэр тэвчээртэй, ул суурьтай хандаж, цаг ямагт оюун санаагаа гэгээрүүлж яваарай. Өөрийгөө хянах нь хүний эрхэм дээд чанар” гэж захисан байдаг. Тэрбээр ийм сургаалтай, эгэл сайхан хүн байлаа.

Уран бүтээлээрээ өнөөдөр ч амьд байгаа Гомбын Түмэндэмбэрэлийн тухай  зохиолч, найрагч Жамцын Шагдар:

Түмэндэмбэрэл таны эгшиг налархай дуунд

Түмэн олны сэтгэл баясан уярна

Өндөр уул боловч цуурай түрэн уярна

Өргөн мөрөн боловч урсгал “зогсон” уярна хэмээн шүлэглэжээ.

Тэрбээр ийм л дуучин байлаа.

Эх сурвалж: “ЗУУНЫ 100 ЭМЭГТЭЙ” НОМ

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn