
“Politiko” сонины 2025.06.4-ний дугаарт нийтлэгдсэн “Авлигын эсрэг популизм нь араа даасангүй” нийтлэлийг хүргэж байна.
АВЛИГЫН ЭСРЭГ ПОПУЛИЗМ НЬ АРАА ДААСАНГҮЙ
Л.Оюун-Эрдэнийн 30 жилийн мөрөөдөл гэдэг хоосон зүйл байгаагүй. Биежүүлэхийн тулд “Алсын хараа-2050”-ийг гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтүүд хийж, авлигажсан тогтолцоог нураахын тулд дор хаяж 10 жил шаардлагатай хэмээн тасралтгүй ярьж явлаа. Тэрээр итгэл үзүүлэх, эсэх асуудал хэлэлцүүлсэн УИХ-ын чуулган дээр “Том төсөлдөө хэт их цаг гаргаж, нийгмийн асуудал, улс төрийн дотоод асуудалд анхаарал бага хандуулсан алдаа ч бас байна” хэмээсэн нь үнэн юм. Том төслүүд эхлүүлсэн, хэрэгжүүлсэн бүхэн нь түүхэнд үлдэнэ. Харин улсаа хөгжүүлье гэж эрмэлзсэн эрмэлзэл, Сингапурын хөгжлийн эцэг Ли Куан Ю шиг замнахыг хүссэн мөрөөдөл нь замын дундаа ч ороогүй яагаад замхрахад хүрэв? Өөрийнх нь хэлснээр улс төрийн асуудалда анхаараагүйн дээр авлигатай тэмцэх нэрээр популизм өрдсөн нь хамгийн том алдаа байлаа. Товчхондоо популизмынхаа салхинд хийсэв.
ПОПУЛИЗМЫГ ХЭТ ИХ ХӨӨРӨГДӨВ
Авлигажсан улс орнуудад авлигын эсрэг тэмцэгчид ард түмний дэмжлэгээр гарч ирдэг нь нийгмийн захиалга. Яг энэ захиалгаар долоон жилийн өмнөх (2018-2019) өвлийн жаварт өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй таван залуу МАНАН бүлэглэлийн эсрэг жагсаал хийж, тухайн үеийн гол шуугианы эзэн “60 тэрбум”-ын М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буулгаж байлаа. Ингэж МАНАН-гийн эсрэг анхны том тэмцэлдээ ялсан Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэхийн даргаар томилогдов. 2019 оны хоёрдугаар сарын 2-нд шинэ албандаа очсон тэрээр тавдугаар сарын 14-нд “Оюутолгойн гэрээний үеэр авлига авсан байж болзошгүй 4-5 хүн байгаа” хэмээн мэдэгдсэн.Түүнээс хойш МАНАН, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын талаар болон авлигатай тэмцэх талаар хэлсэн үгс нь тоогоо алдсан. “АН-ынхан тийм шударга юм бол гадаадад тансаглаж яваа Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэгээ олж ир” (2020.3.5), “Төрийн албан хаагчдын тансаг хэрэглээнд хяналт тавина”(2021.12.8), “Авлига үүсгэж буй хөрстэй нь тэмцэх нь хамгийн чухал” (2021.2.10),”Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд над руу хэн нэгнээр утасдуулаад ч нэмэр байхгүй шүү” (2021.11.11) гэх мэт. 2024 оны МАН-ын сонгуулийн уриа хүртэл энэ тийш чиглэж “Ард түмэн ялна” хэмээсэн билээ. Сонгуульд МАН 68, АН 42 суудал авч, ХҮН-ийг нэмээд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулж, богино хугацаанд том төслүүд хөдөлгөж чадсан. Гэвч хөгжлийн мэдээ дуулдах бүрт популизм, дарангуйллын чанга чимээ эрх баригчдын зүгээс дуулдах болж, зарим контент бүтээгчид, тролл армийн дэмжлэгээр амар заяа үзүүлээгүй гэхэд болно.УИХ-ын чуулган дээр шүүмжилбэл, үгээ хэлбэл ялгаварлан гадуурхалтын “махны машин”-д хэрчүүлэх айдас хүйдэст автах болов.
“Ард түмэн” ба “авлигачид” гэсэн хуваагдлыг Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс болон тэр талынхнаас нийгэмд тасралтгүй цацаж, парламентын гишүүдийг ч ямар нэг нотолгоогүйгээр “авлигачдын тал” гэх мэт мэдэгдлийг хэдэнтээ хийсэн. Тэр бүү хэл Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн, өөрөөс нь асуулт асуусан УИХ-ын гишүүдийг MCS-ийн тал, “цаад эзнийхээ амаар ярьж байна” гэх мэтчилэн баталгаа, нотолгоогүйгээр шүүж, давхар сошиалд “хаяж өгөн”, нийгэмд “дайсан” тодруулах ажиллагааг ч явуулав.
Л.Оюун-Эрдэнэ энэ бүхнийг бодож олоогүй ч байж мэднэ. Түүнийг ийм дүрд тоглуулсан хүн ард нь бас бийг үгүйсгэхгүй. Жишээ нь, яг адилхан “аврагч”-ийн дүртэй ч авлигын хэргүүдтэй Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга түүнийг аль 2018 оноос өмгөөлж, хамгаалан явааг нийтээрээ мэдэж буй.
Судалж үзвэл “Авлигын эсрэг популизм” хэмээх улс төрийн стратегийг сошиал технологитой хослуулан хэрэгжүүлэхийг оролдсон бололтой. Зарим улс орны жишээн дээр судлаачид ийм нэр томьёог гаргажээ. Авлигажсан хөрсөн дээр үүсдэг улстөрийн энэ арга, хандлага, стратегийг хэрэгжүүлсэн удирдагчдын жишээнд Филиппиний Родриго Дутертэ, Туркийн Эрдоган нар нэрлэгддэг аж.
Филиппиний Родриго Дутертэ 2016 Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо авлигачдыг “Мангас” гэж нэрлэн, “Мангасын эсрэг мангас шиг” гэсэн аргаар тэмцэл явуулсан ч Филиппинд авлига буураагүй, авлигатай тэмцэх тогтолцооны шинэчлэл хийгдсэнгүй, шүүх, прокурор, аудит, хэвлэлийг “саад бологч элит” гэж үзэн, шүүмжлэгчдийг дайсан болгосон байна. Л.Оюун-Эрдэнэ шүүх л болохгүй байгаа тухай удаа дараа чангаар мэдэгдсэнийг үүнтэй холбон ойлгоход болох мэт. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг 21-р зууны хамгийн хүчтэй популист удирдагчдын нэг гэж судлаачид хүлээн зөвшөөрдөг бөгөөд “ард түмэн”, “шударга ёс”, “ёс суртахуун” гэх үнэт зүйлсийг ашиглан 20 жилийн турш ардчилал, хяналтын тогтолцоог үгүй хийж, өөрийн эрх мэдлийг бэхжүүлжээ. Өнөөдөр Турк улс сэтгүүлчдэд хамгийн халтай дарангуйлагч улс болсон бол Филиппиний Родриго Дутертэ Нидерландын Гаага хотын ойролцоох НҮБ-ын Хорих байгууллагын хорих ангид хоригдож байна. Түүнийг олон мянган хүнийг шүүхгүйгээр буудан хөнөөсөн хэмээн буруутгаж буй юм. Мэдээж эдгээр улсуудад авлига буураагүй, харин дарангуйлал тогтсон.

“Хариуцлагатай улс төрийг өрнүүлнэ” уриатай шинэ сонины хоёр дахь дугаар мэндэллээ.
АВЛИГАЧИДТАЙ ТЭМЦСЭНЭЭС ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛСЭНГҮЙ
Монголд авлига буураагүйг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын 2018 оны болон 2024 оны үнэлгээг харьцуулаад харахад л тодорхой харагдана. 2018 онд Монгол Улсын авлигын индекс 35 оноотой, 180 орноос 106 дугаарт эрэмблэгдэж байлаа. 2024 оны үнэлгээгээр манай улс 180 орноос 33 оноогоор 114 дүгээр байранд эрэмбэлэгдэв. Ер нь институт буюу тогтолцооны багана болсон байгууллагуудын дотоод чадавхийг сайжруулахгүйгээр авлига буурдаггүйг олон ч судалгаа харуулжээ. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна засгийн эрх барьж буй МАН-ын дарга.
Гэтэл Авлигатай тэмцэх газрын судалгаагаар улс төрийн намуудын авлига жил ирэх бүр өсч байна. 2022 онд АТГ-ын судалгаанд “Авлига хамгийн их тархсан институцыг иргэн, аж ахуйн нэгж нэрлэхэд улстөрийн нам гурван байраар ухарч, 39.1 хувиар зургаад эрэмблэгджээ. Өнгөрсөн 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн их мөнгөний баримжааг багцаалахад улс төрийн намын авлига улам бүр гаарсан биз ээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд намын санхүүжилтийг ил болгох, улс төрийн намуудыг ил тод, шилэн болгохоор олон удаа ярьж, хууль, эрх зүйн өөрчлөлтүүд хийсэн ч бодитоор хэрэгжүүлэх ажлуудаа хийсэнгүй.
Улс төрийн нам нь шийдвэр гаргалтын төв, төрийн бодлогыг тодорхойлдог, төрд хүмүүсээ “шахдаг” учраас энд эхлээд авлигагүй болох нь суурь асуудал юм. Хамтарсан Засгийн газарт улс төрд их мөнгө “цацдаг”-аараа алдартай Б.Чойжилсүрэн үе улиран сайдын алба хашиж буйгаас харвал эрх ашгийн зөрчилдөө ч цэг тавьж чадсангүй. Ердөө энэ ганц нэгхэн жишээнээс харахад Л.Оюун-Эрдэнэ авлигатай бодитой тэмцэж чадсангүй. Харин авлигын эсрэг популизмыг сошиал технологитой хавсруулан хангалттай их хийжээ. Гучин жилийн авлигын мэдээллийг ил гаргасан, блокийг задалсныг мэдээж үнэлүүштэй.
ПОПУЛИЗМ ДАРАНГУЙЛАЛ БОЛЖ ХУВИРДАГ
Дутертэ, Эрдоган хоёрын жишээнээс авлигын эсрэг популизм нь дарангуйлал болж хувирсныг анзаарсан байх. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх олон нийтийн хүсэл дээр дөрөөлж гарч ирсэн хэрнээ өөрөө байнгын зөв шударга гол дүр байх хүслээр нэг хүний төвлөрсөн эрх мэдэл тийш хөтөлсөөр ийм нөхцөлд хүргэдэг аж. Гэтэл ардчилсан тогтолцоо бол харилцан хяналттай, хүчирхэг институцүүдийн (улстөрийн нам, хууль, шүүхийн байгууллагууд, парламент, Засгийн газар гэх мэт)тогтолцоо. Нэг хүчтэй удирдагч бүгдийг шийднэ гэх нь ардчилсан тогтолцооны эсрэг зүйл. Судлаачдын томьёолсноор популист улстөрчид олон төрөл байх ба нэг төрөл нь “мессианик популист (messianic populist) гэнэ. Мессианик популист нь өөрийгөө “ард түмний аврагч”, “ёс суртахууны туйл”, “бусдаас онцгой эрх мэдэлтэй” хүн гэж ойлгуулдаг бөгөөд “ард түмэн” vs “авлигад идэгдсэн элитүүд” гэсэн туйлшралыг өдөөж, шүүх, парламент зэрэг институцүүдийг “саад” гэж үзэн,шүүмжлэгчийг дайсан мэтээр хүлээж авдаг байна. Харин авлигын эсрэг тэмцэл нь мессианик популистын аврагчийн дүрээ бүтээх гол хэрэгсэл болдог аж. Мессианик популистууд авлига бол ёс суртахууны доройтлын гол жишээ гэж үздэг байна.
Шударга бус авлигажсан тогтолцоотой тэмцэхэд улс төрчийн манлайлал хамгаас чухал. Гэхдээ манлайллын хандлага, сэдэл нь улам бүр ардчилсан тогтолцоо руу явах болохоос төвлөрсөн их эрх мэдэл тийш чиглэхээрээ бурууддаг ажээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд дээрх шинж тэмдэгүүдтэй төстэй зүйл олон байна.
Хахир өвлийн хүйтэнд жагсч, тэмцэж явсан тэр цагаас хойш тасралтгүй долоон жил түүнийг “аврагч”-ийн дүрд тоглуулжээ. Л.Оюун-Эрдэнэ өөрөө үргэлж парламентын засаглал, ардчилал гэж ярьдаг. Тэгэхээр түүнийг цаанаас нь хэн нэгэн удирдаад өөр дүрд “тоглуулсан” мэт. Гэвч хамгийн сүүлийн хоёр тохиолдлыг сануулахад яах аргагүй л өөрийнхөө амаар элдэв үг хэлсэн. Нэг нь УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогтын амаар ярилаа” гэсэн. Нөгөөх нь хүүгийнхээ асуудлаар тайлбар хийхдээ “Ялаанууд миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй, битгий горьд” гэж хэлсэн. Энд нөгөө л “би бол аврагч, бусад нь бол дайсан” гэсэн илэрхийлэл яваад байгаа биз?
Ингэж “дайсан” тодруулах тусам нэг хүнд эрх мэдэл төвлөрөх үүд,хаалга нээгдэж, төвлөрсөн эрх мэдэл явсаар дарангуйлалд хүргэдэг байна. Дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг нарийвчлан хэмжиж гаргадаг V-Dem буюу Varieties of Democracy байгууллагаас гаргасан 2024 оны үзүүлэлтээр 45 орон автократ дэглэмд шилжсэний нэг нь Монгол гэж зарласныг эцэст нь сануулья.
ЭХ СУРВАЛЖ: Politiko сонин